Сайд, дарга нарын саалийн үнээ болсон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн сүү татраагүй байна. Сайн мэдээ гэвэл 2025 онд тус сангийн нийт хөрөнгө өмнөх оноос 5 тэрбум 247 сая төгрөгөөр өссөн бол “Бараа материал” дансны үлдэгдэл 62.8 сая төгрөг болж, 15.7 сая төгрөгөөр буурчээ. Зээлийн төлбөрт хурааж авсан 15.7 сая төгрөгийн үнэтэй арьс, ширний тоног төхөөрөмжийг зарснаар “Бараа материал” дансны үлдэгдэл багассан аж.
“Мөнгөн хөрөнгө” дансны үлдэгдэл 15 тэрбум 976.6 сая төгрөг болж, 688.9 сая төгрөгөөр өсжээ. Зээлийн эргэн төлөлтөөс орж ирсэн мөнгийг зарцуулаагүй учраас мөнгөн хөрөнгө нь нэмэгдсэн аж. Уг нь энэ сан жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зээл олгож, тэднийг хөл дээрээ босоход туслах зориулалттай. Тиймээс нэг зээлдэгч зээлээ төлөхөд, тэр мөнгийг дараагийн хүнд зээлүүлэх үүрэгтэй. Гэтэл тус сан ноднин зээлээ буцаан төлсөн хүмүүсээс орж ирсэн мөнгийг буцаан зээл болгож гаргаагүй байх юм. Энэ нь тус сангийнханд амар ч жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хохиролтой.
Муу мэдээ үүгээр дуусахгүй.” Авлага” дансны үлдэгдэл 241 тэрбум 591.4 сая төгрөг болж 4 тэрбум 217.2 сая төгрөгөөр өсжээ. Ийм их зээлээ төлүүлж чадаагүй гэсэн үг. ХХААХҮ-ийн сайд 2025 онд 14 тушаал гаргаж, “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөл”-ийг баталжээ. Ингээд 324 аж ахуйн нэгж, байгууллагад 47 тэрбум 820.5 сая төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатай, жилийн 5%-ийн хүүтэй, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон байна. Гэвч үүнийг доорх байдлаар ангилан бүртгэжээ. Үүнд:
- 40.5 хувь буюу 79 тэрбум 282.9 сая төгрөгийг муу зээл,
- 7.4 хувь буюу 14 тэрбум 515.3 сая төгрөгийг хугацаа хэтэрсэн,
- 46.2 хувь буюу 90 тэрбум 338.3 сая төгрөгийг хэвийн,
- 3.2 хувь буюу 6 тэрбум 234 сая төгрөгийг хэвийн бус,
- 2.7 хувь буюу 5 тэрбум 371.7 сая төгрөгийг эргэлзээтэй зээл
Үүнээс 26 зээлдэгч 4 тэрбум 118.3 сая төгрөгийн зээлээ хугацаандаа төлөөгүй, 4 зээлдэгчийн 783.2 сая төгрөгийн зээл хэвийн бус төлөвтэй байгаа аж. Дээрх ангиллаас харвал ЖДҮХС тухайн онд олгосон нийт зээлийнхээ 54 хувийг буцаан авч чадах эсэх нь эргэлзээтэй болжээ.
Зээлийн өрөнд хураасан 22 тэрбум 368.4 сая төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг зарахаар дуудлага худалдаа зохион байгуулсан ч нэг ч хүн сонирхоогүй гэнэ. Эргээд эдгээр хөрөнгийг хадгалах, хамгаалах зардал гэдэг дарамт ЖДҮХС-д нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ тухайн хөрөнгийн чанар алдагдана. Энэ нь тус сангийн хөрвөх чадварт сөргөөр нөлөөлж байна. Тиймээс уг тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээсээр худалдах арга хэмжээ шуурхай авахыг ҮАГ-аас ЖДҮХС-д даалгажээ.
ЖДҮХС-гаас зээл авсан 1300 зээлдэгч 193 тэрбум 597.2 сая төгрөгийн зээлтэй гэж Монголбанкны Зээлийн мэдээллийн санд бүртгэсэн байжээ. Гэрээний хугацаа дууссан 21 зээлдэгчийн 1 тэрбум 312.7 сая төгрөгийн зээлийн ангиллыг ЖДҮХС тус банканд зөрүүтэй бүртгүүлснийг Үндэсний аудитын газар илрүүллээ. Үүнийг ангилбал:
- 6 зээлдэгчийн 669.2 сая төгрөгийн зээл хугацаа хэтэрсэн ангилалд,
- 6 зээлдэгчийн 253.1 сая төгрөгийн зээл хэвийн ангилалд,
- 4 зээлдэгчийн 67.4 сая төгрөгийн зээл хэвийн бус ангилалд,
- 5 зээлдэгчийн 323 сая төгрөгийн зээл эргэлзээтэй ангилалд байна.
Жижиг, дунд үйлдвэрийн газраас аудитаар нийт 210.6 сая төгрөгийн 5 зөрчил илэрчээ. Үүний 1.6 сая төгрөгийн төлбөрийг акталж, 189.7 сая төгрөгийг төлүүлэх шаардлага хүргүүлсэн байна. Гадаадад томилолтоор явсан хүмүүст томилолтын зардал олгохдоо хот доторх унааны зардалд 1.6 сая төгрөг илүү олгосон байжээ. Мөн “Тоёота ланд круйзер 200” маркийн 12-77 УНА улсын дугаартай машиныг улсын төсвийн 5.1 сая төгрөгөөр засуулжээ. Уг машин байгалийн гамшигт үзэгдлийн улмаас гэмтсэн тул засварын зардлыг даатгалаас гаргуулах ёстой гэж ҮАГ үзлээ. Уг машиныг тээврийн хэрэгслийн даатгалд хамруулж, даатгалын төлбөрт 1.4 сая төгрөг төлсөн аж. Тиймээс даатгалын байгууллагаас уг төлбөрийг нөхөн гаргуулж, улсын төсөвт буцаан төлөхийг ЖДҮГ-аас ҮАГ шаарджээ.
ЖДҮГ илүү цагаар ажилласан ажилтныг бүртгэж, хуудсыг нь баталгаажуулаагүй атлаа 36 ажилтанд 1052 цаг илүү ажилласан хэмээн 23.2 сая төгрөг олгосон байв. Мөн Бельги улсын Брюселль, Герман улсын Фрайбург хотод Дэлхийн монголчуудын наадмын үзэсгэлэн-худалдаа зохион байгуулах зардалд 161,376,803 төгрөг шилжүүлсэн ч уг мөнгийг тэр наадамд зарцуулсныг нотлох тайлан байхгүй ажээ.
