Украины нийслэл Киев хотод буудалцаан болж байсан газраас 2 цагдаа зугтсан нь олон нийтийн шүүмжлэлд өртсөний дараа цагдаагийн газрын дарга Евхен Жуков огцорчээ.
Бямба гарагт Украины нийслэл Киев хотын өмнөд хэсэгт орших Голосийвский дүүргийн гудамжинд буутай этгээд гал нээсний улмаас 6 хүн амиа алдаж, 14 хүн гэмтжээ. Гэмт хэрэгтэн мөн хэдэн хүнийг барьцаалж, ойролцоох супермаркет дотор хорьж байсан байна. Дараа нь түүнийг цагдаагийн албан хаагч нар буудан хороожээ.
Тус халдлагын үеэр 2 цагдаа хэргийн газрыг орхиод зугтаж байгаа бичлэг нь онлайн орчинд тархжээ.
Хэргийн газрыг орхиж явсан 2 цагдааг байцааж, яагаад хэргийн газрыг орхиж явсныг нь мөрдөн шалгаж байгаа гэж Украины дотоод хэргийн яамны сайд Игорь Клименко мэдэгджээ.
Албан тушаалаасаа огцорсон Украины цагдаагийн газрын дарга Евхен Жуков ням гарагт өгсөн ярилцлагадаа “Тухайн 2 цагдаа хэргийн газарт зохистой үйлдэл хийж чадалгүй бүтэлгүйтэж, иргэдийг аюултай нөхцөлд орхиж явсан. Тэд мэргэжлийн бус хандлага гаргасан. Цагдаагийн газрын дарга би албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өгөхөөр шийдсэн” гэж мэдэгджээ.
Бямба гарагт болсон тус халдлагыг Украины эрх баригчид террорист халдлага гэж үзэж байгаа ч тус хэргийг үйлдсэн шалтгаан нь тодорхойгүй байгаа аж. Украины дотоод хэргийн яамны сайд Игорь Клименко тухайн хэргийг үйлдсэн этгээдийг “сэтгэц нь тогтворгүй хүн” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
