Даваа гарагт Мексикийн түүхэн дурсгалт газруудын нэг Сарны пирамид дээр буутай этгээд жуулчид руу гал нээсэн аймшигт хэрэг Мексик даяар шуугиан тарьж байна. Уг халдлагын улмаас 1 канад жуулчин амиа алдаж, 7 жуулчин гэмтжээ. Гэмтсэн гадаадын 7 жуулчны 2 нь америк байв.
Ирэх 7-р сард хөлбөмбөгийн ДАШТ-ийг АНУ-тай хамтран зохион байгуулах гэж байгаа Мексик улсын аюулгүй байдлыг энэ хэрэг шалгав. Шалгалтад Мексик уналаа. Энэ нь тус улсад хүнд цохилт болж байна.
Тус улсын Ерөнхийлөгч Коаудиа Шейнбаум улс орноо жуулчдын хувьд аюулгүй газар хэмээгээд, ийм зэвсэгт халдлагаас урьдчилан сэргийлэхийн тулд аюулгүй байдлыг чангатгахаа мэдэгджээ.
Даваа гаргийн өглөө 11:20 цагт “Буутай этгээд Сарны пирамид дээр жуулчид руу халдаж байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Жуулчид уг этгээдийн ойролцоо, газарт хэвтсэн нь дүрс бичлэгт үлдсэн байв. Дуудлагын дагуу 11:30 цагт очиход, цагдаа нар луу уг этгээд галлажээ. Цагдаа нар хариу гал нээж, буутай этгээдийн хөлийг оносны дараа гэмт хэрэгтэн өөрийгөө буудаж амиа хорлосон байна.
Жуулчид руу гал нээсэн этгээд 27 настай, Хулио Цезар Хассо Рамирез гэх Мексикийн иргэн байсан нь тогтоогджээ. Тэрбээр ямар нэг гэмт хэргийн бүлэглэлд харьяалагддаггүй. Уг хэргийг ганцаараа үйлдсэн нь тогтоогдсон байна.
Хулио Цезар уг хэргийг үйлдэхээсээ өмнө Сарны пирамид дээр хэд хэдэн удаа очиж, ойролцоох зочид буудалд байрлаж байсан нь тодорхой болсон аж. Тиймээс албаныхан уг хэргийг урьдчилан төлөвлөсөн халдлага гэж тогтоожээ. Гэхдээ тэр яагаад ийм хэрэг үйлдсэн нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: CNN
