Дэлхий нийтийн асуудал болсон нэг өвчин бол чихрийн шижин. Тэгвэл сүүлийн үед энэхүү өвчний эмчилгээг уламжлалт анагаах ухаантай хослуулах боломж бүрдсэн байна. Энэ талаар АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн, дотор өвчин судлалын дадлагажигч багш, уламжлалтын ахлах зэргийн эмч Б.Цэрэнтогтохтой ярилцлаа.
-Юун түрүүнд чихрийн шижин гэж юуг хэлдэг бас юунаас болж үүсдэг талаар ярилцъя. Бидний нийтлэг ойлголтоор бол чихэр их идсэнээс болж үүсдэг гэж бодоод байгаа.
-Энэ бол буруу ойлголт. Олон хүчин зүйлээс болж, чихрийн шижин үүсдэг. Чихрийн шижингийн хэв шинж гэдэг бол удамшлын гаралтай, бага насны хүүхдүүдэд илүү тохиолдож байна.
Мөн амьдралын буруу хэв маягтай ихээхэн холбоотой. Бидний идэж буй хоол хүнснээс ялгарч буй нүүрс усыг бие мах бод энерги болгон зарцуулж байх ёстой. Гэтэл авч байгаа нүүрс усны маань хэмжээ илүүдчихээд байдаг. Үүнийг л чихрийн шижин гээд байгаа юм.
Мөн чихрийн шижин үүсэхэд дан ганц сахар бус нүүрс ус ихтэй хоол хүнс, гурил зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд багтдаг. Түүнчлэн нойр булчихрайн үйл ажиллагаа алдагдаж, нүүрс усыг задлах ёстой даавар, түүний шүүрэл багасах зэргээс болоод чихрийн шижин үүсдэг.
-Тэгвэл таргалалт нөлөөлдөг үү?
-Чихрийн шижингийн хэв шинжийг ихэсгэхэд нөлөөлдөг зүйл их бий.
- Нэгдүгээрт, Цусан дахь өөх тосны хэмжээ их буюу таргалалт,
- Хоёрдугаарт, Монголчууд бид мах их иддэг учраас цусан дахь нөөц төмрийн хэмжээ ихэсдэг. Өөрөөр хэлбэл, цусан дахь үрэвслийн медиаторууд нэмэгдэж байдаг. Эдгээрийн үр дүн нь өөрөө чихрийн шижин өвчнийг үүсгэх гол эмгэг болдог гэсэн үг.
Тэгэхээр хануур эмчилгээ нь цусан дахь өөх тосны хэмжээг бууруулж, үрэвслийн медиаторуудыг багасгаж, цусан дахь сахрын хэмжээнд нөлөөлөх магадлалтай гэсэн таамаг дэвшүүлж байгаа.
Уламжлалт анагаах ухаанд хүний биеийн төрөлх чанарыг хий, шар, бадгана болон хавсарсан 3, хурмал гэсэн 7 төрлийн өвөрмөц чанарт хувааж үздэг.
Мөн бадгана давамгай буюу бадгана хавсарсан бүлэгтэй хүмүүсийн биеийн жингийн индекс, бүсэлхийн тойрог өндөр, таргалалттай, хэвлийн тойрог их байдаг. Орчин үед хувь хүн рүү чиглэсэн анагаах ухаан илүү хөгжөөд байгаа юм. Чихрийн шижинтэй хүн бүрд өөр өөр эмчилгээ тохирдог гэсэн үг. Үүнийг уламжлалт анагаах ухаан маш эрт үеэс таньж мэдээд хувь хүнд тохирсон эмчилгээ хийдэг байснаараа онцлогтой.
-Дээрх үр дүнг гаргахын тулд нарийвчилсан судалгаа хийсэн үү?
-Тийм. Судалгааны үр дүнгээс харахаар чихрийн шижинтэй хүмүүс маань бадган давамгай, шар давамгай, бадгана шар хавсарсан өвөрмөц чанартай хүмүүс маань өвдөхөөсөө өмнө арга хэмжээ аваад, урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хэрэв чихрийн шижинтэй болсон нь батлагдсан бол идээ ундаа, явдал мөрийнх нь зөвлөгөө өгөөд, эм заслын эмчилгээг нь цогцоор нь хийвэл илүү үр дүнтэй.
-Тэгэхээр чихрийн шижин өвчнийг эмчлэхэд уламжлалт анагаах ухаан их нөлөөтэй гэсэн үг үү?
-Уламжлалт анагаах ухаанд чихрийн шижинтэй дүйх ойлголт бий. Тэр тусмаа шижин ундаасах хам шинж буюу чихрийн шижингийн үед илрэх шинж тэмдэгтэй ижил шинжүүдийг уламжлалт анагаах ухаанд мөн адил тусгасан байдаг. Эдгээр хам шинжийн үед хийх гол эмчилгээ нь хануур засал юм.
Өөрөөр хэлбэл уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулах буюу эмийн эмчилгээг хануур эмчилгээтэй хослуулбал илүү үр дүнтэй гэж хэлж болно. Гэхдээ тэрхүү өвчнийг 100 хувь эдгээнэ гэсэн үг биш юм. Харин чихрийн шинжингийн хүндрэлээс сэргийлэх гол нөлөөг үзүүлэх юм.
-Одоогийн байдлаар чихрийн шижин өвчтэй хүмүүс яг ямар эмчилгээг түлхүү авч байгаа юм бол?
-Энэ өвчтэй хүмүүс цус шингэлэх, глюкоз бууруулах, өөх тос бууруулах зэрэг олон эм төрлийн уудаг. Эдгээр эмийг удаан хугацаанд уувал эмийн дасал үүснэ, үр дүн буурна, гаж нөлөө үзүүлэх зэрэг олон сөрөг нөлөөтэй.
Тиймээс эдгээр эмийг ух давтамжаа багасгаж, нэг удаа хануур эмчилгээнд орчихвол цусан дахь өөх тос нь буурна, цус шингэрнэ. Ингэснээр тархины харвалт, зүрхний шигдээс, жижиг судасны хүндрэлүүдээс бага ч сэргийлэх боломжтой хавсарсан эмийн эмчилгээний арга байж болох юм.
–Чихрийн шижинг эмчлэхийн тулд уламжлалт анагаах ухаан болон орчин үеийн анагаах ухааныг хослуулах нь зөв үү?
-Тэгэлгүй яах вэ. Хослуулах нь хамгийн үр дүнтэй. Гэхдээ чихрийн шижин хүндэрсэн бол дан ганц уламжлалтаар явна гэдэг нь өрөөсгөл ойлголт. Хүндрээгүй үед нь орчин үеийн анагаах ухааны сахар бууруулдаг эмийг хэрэглээд нэмэлт байдлаар уламжлалт анагаах ухааны заслын эмчилгээг хослуулаад явбал илүү үр дүнтэй байх боломжтой.
-Хануур эмчилгээний талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаад өгөхгүй юу. Жилд нэг удаа хийлгэх үү, олон давтамжтай хийлгэх хэрэгтэй юу. Мөн чихрийн шижинтэй хүнд хийх үү, урьдчилан сэргийлэх үүднээс хийлгэх үү?
-Хануур эмчилгээ гэдэг нь хүний биед байгаа муу цусыг гаргаж, өөрөөр нь эмчлэх эмчилгээний арга юм. Гэхдээ бүх чихрийн шижинтэй хүн энэ эмчилгээг хийлгэх боломжгүй. Тохирсон хүн, тохиромжтой үе, цаг гэж байдаг. Тиймээс мэргэжлийн уламжлалт анагаах ухааны эмч үзээд танд энэ эмчилгээ тохирох эсэхийг тодорхойлох ёстой.
Мөн хануур эмчилгээг чихрийн шижин өвчнөөр оношлогдохоос өмнө урьдчилан сэргийлэх үүднээс жилдээ нэг удаа хийлгэж болно. Хануур эмчилгээ бол өдөр болгон хийлгэдэг эмчилгээ биш. Уламжлалт анагаах ухааны хатуу засал. Нэг удаа хануулахад эмчилгээний үр дүн 3-6 сарын хугацаанд барих боломжтой.
-Хануур эмчилгээ хийлгэсэн чихрийн шижинтэй хүнд ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?
-Чихрийн шижин гэдэг өвчин бол эдгэрдэг өвчин биш. Тиймээс хануур эмчилгээ хийлгэснээр эрүүл болно гэсэн ойлголт байхгүй. Харин цусан дахь сахрыг хэвийн бууруулж, хэвийн түвшинд ойртуулж болно гэсэн үг.
Харин урьдал шатанд байхад нь энэхүү эмчилгээг хийлгэснээр эдгэж болох юм. Нэгэнт оношлогдоод олон жил болсон бол хүндрэлээс буюу нүд, бөөр, захын мэдрэлийн хүндрэл буюу хөлөө тайруулах зэргээс сэргийлэх боломжтой. Иймд иргэд та бүхэн мэргэжлийн эмчид хандаж, эрүүл мэнддээ онцгойлон анхаарахыг уриалж байна.
-Ярилцсанд баярлалаа.
