Тандагч тестээр согтуурлын зэрэг шалгаад, ажлаас халж болох уу?


Төв аймгийн иргэн Р.З 2024 оны 4-р сараас “Н” ХХК-д зорчигч чиглүүлэх ажилтнаар ажиллаж эхэлжээ. Түүнийг ажилдаа согтуу ирсэн хэмээн 2025 оны 5 дугаар сард тус компанийн захирал Р.З-г ажлаас халсан байна. Р.З үүнийг эс зөвшөөрч, “Тухайн үед архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан” хэмээн маргаж, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6 сая төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхээр шүүхэд ханджээ.

Уг маргааныг Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд, “Албаны дарга нь түүнийг согтуу байна гэж үзээд, дагуулан эмчийн өрөөнд очсон. Эмч үзлэг хийж, багаж руу үлээлгэхэд согтуурлын зэрэг 0.4%-тай гарсан. Гэхдээ тус багаж нь Стандарт, хэмжил зүйн газраас баталгаажуулсан зориулалтын багаж биш. Тандагч тест байсан. Энэ үйл баримтаас харахад “Хөдөлмөрийн дотоод журам”, “Хөдөлмөрийн гэрээ”-нд заасан ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг зөрчил гаргасан баримт тогтоогдохгүй байна” гэж дүгнэн, Р.З-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангажээ.

Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн анхан шатны давж заалдах шатны шүүх 2026.01.22-нд уг хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Үүнийг “Н” компани эсэргүүцэн, УДШ-д хандсан аж.

Хяналтын шатны шүүх 2026.04.23-нд уг маргааныг хэлэлцээд, “Хэдийгээр тус багажийг хэрэглэх журам хариуцагчид байхгүй боловч тус багажийн зориулалт нь зорчигчийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад хэрэглэдэг. Ажилтан уг багажаар согтуурлын хэмжээг нь шалгахад татгалзаагүй, зөвшөөрч шалгуулсан” гэж дүгнэн, өмнөх 2 шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Р.З-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Үүгээр Р.З-г ажлаа халсан нь “Н” компанийн зөв болж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *