Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус VII хуралдаан өнөөдөр болох ёстой байсан ч НИТХ-ын дарга А.Баяр ирээгүй учраас хурал тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан юм. Уг хурлаар нийтдээ 21 цаг үеийн асуудлаар хуралдахаар тов тогтоосон байжээ. Гэтэл А.Баяр дарга хурлыг хойшлуулах саналыг НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга руу утсаар ярьж гаргасан байна. Уг нь НИТХ-ыг хойшлуулах саналыг хуралдаж шийддэг боловч хурлын дарга А.Баяр хууль зөрчсөн хэмээн Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар мэдэгдээд байгаа юм. Хотын даргын мэдээлж буйгаар Нийслэлийн төсөв болоод гэмт хэргээс урьдчилан сэргийлэх данснаас 13,2 тэрбум төгрөг хэвлэл мэдээллийн зориулалтаар гарсан гэнэ. НИТХ-ын дарга А.Баяр шөнө оройн цагаар шашны үйл ажиллагаа явуулдаг учраас би их санаа зовж байна хэмээн мэдэгдээд байна.
Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарыг ийнхүү хэвлэлд мэдээлэлд ярилцлага өгсний араас НИТХ-ын хурлыг НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан нээж, удирдаж хурлаа эхэлжээ.
НИТХ-ын ээлжит бус хуралдаанд 20 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд ирц 50 хувийн босгыг давсан байна. НИТХ дахь МАН-ын бүлгээс НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах санал гаргаж байгаа тухай мэдээлэл бий. Шалтгаан нь НИТХ-ын дарга А.Баяр нь хурлыг тодорхойгүй шалтгаанаар хууль зөрчиж хойшлуулсан төдийгүй, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан зэрэг үндэслэлээр нийслэл дэх МАН-ын бүлгээс огцруулах шийдвэр гаргажээ. НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах саналыг 27 төлөөлөгч дэмжиж гарын үсэг зурсан байна. Энэ удаагийн ээлжит бус НИТХ-ын хуралдаанд Ардчилсан намын бүлгийн 5 гишүүн одоогоор ирээгүй байгаа аж.
