Боловсрол, Эрүүл мэндийн салбарын ажилчдын дунд ядаргаа, түгшүүр, нойргүйдлийн түвшин өндөр байна


Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн дэлхийн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан ажлын байранд Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, НҮБ, ОУХБ-тай хамтран ажлын байранд “нийгэм – сэтгэл зүйн орчныг бүрдүүлцгээе форумыг зохион байгуулж байна. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 4-р сарын 14-18-ны хооронд цахим платформоор ажлын байрны нийгэм-сэтгэл зүйн эрсдэлийг үнэлэх судалгааг 15 салбарын 1918 ажилтны дунд явуулсан судалгааны үр дүнг танилцууллаа. Судалгаанд оролцогсдын 64.3 хувь нь эрүүл мэнд, боловсролын салбарынхан байна. Тус судалгаа нь нийгмийн сэтгэл зүйн эрсдэлийг үнэлж, ажилтны сэтгэлзүй эрүүл мэнд ажил амьдралын тэнцвэрт байдалд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох зорилготой аж. Судалгаанд оролцогсдын 46.9 хувь нь өндөр, 46.7 хувь нь маш өндөр эрсдэлд байгаа нь энэ асуудалд яаралтай анхаарал хандуулах шаардлагатайг нотолж буй гэж үзжээ.

Нас, тэтгэвэр тогтоолгосон байдлаасаа болж ялгаварлан гадуурхалтад өртөх үзэгдэл элбэг байна

Тэр дундаа ажлын байрны нийгэм-сэтгэл зүйн эрсдэл эрүүл мэндийн салбар 60.4 хувь, Боловсрол шинжлэх ухааны салбар 49.3 хувь, Соёл урлагийн салбар 46.3 хувь, Эрчим хүчний салбар 46.2 хувийн өндөр эрсдэлтэй гарчээ. Тэр дундаа Боловсрол, Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын сэтгэлзүйн хэвийн бус байгаагаас ядаргаа, түгшүүр нойргүйдлийн түвшин өндөр байна гэж үзжээ. Харин судалгаанд оролцсон нийт ажилчдын ажлын байрны дарамт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад өртөж байсан шалтгааныг судлахад 71.2 хувь нь яс үндэс, гарал угсаа, 67.5 хувь нь нас, тэтгэвэр тогтоолгосон байдлаасаа болж ялгаварлан гадуурхалтад өртсөн байна.

Байгууллагын удирдлагууд ажилтнаа камер болон бусад хэлбэрээр мөрдөх байдлаар сэтгэл зүйн дарамт үзүүлэх нь элбэг

Ажилчид хэнээс сэтгэл зүйн дарамт хамгийн их мэдэрдэг болохыг судлахад 36.1 хувь нь байгууллагын удирдлагаас, хамтран ажиллагчдын зүгээс 18.1 хувь, үйлчлүүлэгч олон нийтийн зүгээс 32.4 хувь хэмээн хариулжээ.

Үүнээс үзэхэд байгууллагын удирдлага ажилтнаа ажлын тодорхойлолтод тусгагдаагүй ажил үүргийг гүйцэтгүүлэх, мөн камер болон бусад хэлбэрээр мөрдөх байдлаар сэтгэл зүйн дарамт үзүүлэх элбэг байгааг судалгаагаар тогтоогоод байна. Иймд ажил олгогч нар ажилтнуудын сэтгэл зүйн шинж тэмдгийн түвшнийг улирал бүр хянаж, ажилтны сэтгэл ханамжийн судалгааг жилд 2-оос доошгүй удаа явуулах, удирдлагуудын стресс менежмент дэмжлэг үзүүлэх, харилцааны ур чадварын сургалтад хамруулах шаардлагатай гэж дүгнэж буй. Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас цаашид ажлын байрны нийгэм, сэтгэл зүйн эрсдэлийг үнэлэх стандарт аргачлалыг боловсруулахаар ажиллаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *