УИХ-ын гишүүд халдашгүй хамгаалалт байхгүй


УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн биед Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр халдсан гэх мэдээлэл гараад 20 гаруй хоногийн хугацаа өнгөрч байна. Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүний халдашгүй байдалд нь халдсан гэх үндэслэлээр парламентын халдашгүй байдлын дэд хороонд гомдол гаргасан байдаг. Халдсан, халдуулсан этгээдүүд аль аль нь УИХ-ын гишүүд. Тэдний дунд үүссэн асуудлыг парламентын халдашгүй байдлын дэд хороо тэгвэл хэрхэн шийдвэрлэх эсэх нь анхаарал татсан сэдэв.

УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо 9 гишүүний бүрэлдэхүүнтэй. Ц.Даваасүрэн гишүүн даргалдаг. Тэгвэл дэд хорооны даргын зүгээс Л.Оюун-Эрдэнийн гомдлыг шийдвэрлэх хууль эрх зүйн гарц байхгүй учраас хамаарах хуулийн байгууллагад нь гомдлыг нь шилжүүлжээ.

Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хамгаалах хууль эрх зүйн хамгаалалт Монгол улсын хууль тогтоомжид байхгүй гэсэн үг.

Монгол улсын үндсэн хуулийн 29-р зүйлд УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан. Гэхдээ халдашгүй байдалд халдвал яг яах вэ гэдгийг зохицуулсан хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. УИХ-ын гишүүний бие, эд хөрөнгөд халдах, жирийн иргэний бие эд хөрөнгөд халдахтай яг ижил эрүүгийн буюу зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.  

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд хийж байсны хувиар төрийн тусгай хамгаалалтад байгаа. Тиймээс гишүүний халдашгүй байдал зөрчигдсөн эсэхэд  Төрийн тусгай хамгаалалтын газар болоод тагнуулын ерөнхий газар анхаарал хандуулах шаардлагатай болж байна.

Харин төрийн тусгай хамгаалалтад байдаггүй УИХ-ын гишүүдийн хувьд халдашгүй байдлаа хамгаалуулах талаар гомдол гаргаад нэмэргүй гэсэн үг. Жишээ дурдахад УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед үл таних этгээд халдсан хэрэг энэ сарын эхээр гарсан. Гишүүний зүгээс гэмтлийн зэргээ тодорхойлуулбал халдагч этгээд эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

Тэгвэл УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо чухам ямар үүрэгтэй нэгж болох нь анхаарал татна. Одоо үйлчилж байгаа хууль тогтоомжоор бол УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд халдашгүй байдлыг нь хүчингүй болгох асуудлыг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэн, УИХ-ын нэгдсэн чуулганаар шийдвэрлэдэг. Үндсэндээ халдашгүй байдлын дэд хороонд өөр үүрэг алга.

Ихэнх улс оронд төрийн эрх баригчийн халдашгүй байдлыг хуулиар хамгаалдаг эрх зүйн зохицуулалт бий. Шалтгаан нь парламентын гишүүд төрийн нууц, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэдэх чухал сонголтыг хийх бүрэн эрхтэй ард түмний төлөөлөл. Харин Монгол улсын хувьд парламентын нэр хүнд жил ирэх тусам унасаар байгаатай холбоотойгоор УИХ-ын гишүүдийн халдашгүй эрх ч хамгаалалтгүй болжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *