Хөгжмийн салбарын супер од Билли Айлиш, кино урлагийн бүх цаг үеийн шилдэг найруулагчдын нэг Жэймс Камерон нар хамтарч, Билли Айлишийн өнгөрсөн жил Манчестер хотод хийсэн тоглолтыг 3D кино болгожээ. “Billie Eilish – Hit Me Hard and Soft: The Tour (Live in 3D)” нэртэй тус кино 5-р сарын 8-нд Дэлхий даяар нээлтээ хийх бол 4-р сарын 29 буюу өнөөдөр Английн Лондон хотод шүүмжлэгч, найруулагч, судлаач, сэтгүүлч зэрэг тусгай зочдод урьдчилан үзүүлсэн байна.
Билли Айлиш өнгөрсөн жил хийсэн тоглолтыг нь үзэж чадаагүй фенүүддээ бэлэг болгож, уг киног хийсэн аж.
“Титаник”, “Аватар” зэрэг киногоор кино урлагийн ертөнцөд нэрээ мөнхөлсөн найруулагч Жэймс Камерон өнгөрсөн жил болсон Билли Айлишийн “Hit Me Hard And Soft” аялан тоглолтын бичлэгийг 3D камераар 4 шөнө бичиж аван, уг киног бүтээжээ.

Лондон хотод болсон киноны урьдчилсан тусгай үзвэрийн нээлтийн үеэр Билли Айлиш “Манчестер хот дахь фенүүд миний хамгийн дуртай фенүүдийн нэг. Би Манчестер хотынхонд маш их хайртай” гэж мэдэгдсэн байна.
Тус киног Билли Айлиш, Жэймс Камерон нар хамтран найруулж, өөрсдөө продюсероор нь ажиллажээ.
Эх сурвалж: BBC
