Түүхч, судлаач Г.Билгүүн Гүр хаан Жамухын шарилыг 1981 онд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Дадарт уулнаас олсон гэж мэдээлсэн юм. Алтан бүс болон хугарсан нуруугаар нь түүнийг мөн гэж баталсан боловч одоо уг шарилыг нь чингэлэгт хадгалж байгаа хэмээн мэдэгдээд байгаа. Тэгвэл Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан энэ талаарх түүхч Г.Билгүүний мэдээллийг өнөөдөр үгүйсгэлээ.
Салбарын сайдын мэдээлж буйгаар XIII зууны үеийн 50 орчим насны 175 см өндөр нуруутай, 3 лан орчим хэмжээний алтан бүстэй язгууртан хүний шарилыг 1981 онд олсон байдаг. Гэхдээ тухайн үед түмтийн ноён, мянгатын ноён зэрэг олон хүн ийм хэмжээний алтан бүс хэрэглэх боломжтой байсан гэж үздэг учраас уг шарилыг яг Гүр хаан Жамухынх гэж нотолсон зүйл байхгүй хэмээн мэдэгдлээ. Шарилыг МУИС-д хадгалж байгаа хэмээсэн юм.
