Энэтхэгийн зүүн бүсийн Одиша мужид нэгэн эр нас барсан эгчийнхээ хадгаламжийг шилжүүлж авахын тулд нас барсных нь баталгаа болгож, араг ясыг нь банкны салбарт зөөж авчирсан хэрэг шуугиан дагуулж байна. 52 настай Житу Мунда гэх эр хүний араг яс үүрээд, банк руу алхаж байгааг харуулсан зураг, дүрс бичлэг энэ долоо хоногт сошиал ертөнцөд тархаж, олон хүний жигшил, зэвүүцлийг төрүүлэв.
Житу Мунда эгчийгээ нас барсныг банкны ажилтанд албан ёсоор нотолж чадаагүй аж. Эгчийнхээ хадгаламжин дахь мөнгийг авах оролдлого нь удаа дараа бүтэлгүйтсэн тул цөхөрсөндөө ийм арга хэрэглэсэн гэж мэдэгджээ.
Житу Мунда эгчийнхээ араг ясыг банканд аваачихын тулд булшнаас нь ухаж гаргасныг цагдаагийн газар шалгаж тогтоосон байна. Банк түүнээс эгчийнхээ араг ясыг авчир гэж огт шаардаагүй, зөвхөн хуулийн дагуу шаардлагатай бичиг баримт үзүүлэхийг хүссэн гэж мэдэгджээ.
4-р сарын 27-ны даваа гарагт Одиша мужийн Кеонжхар дүүрэгт гарсан энэ хэрэг Энэтхэг даяар дуулиан дэгдээж, олон хүн түүнийг ийм зүйл хийхэд хүргэсэн орон нутгийн эрх баригчид болон банкны удирдлагыг шүүмжилсэн байна.
Житу Мундагийн мэдээлснээр 56 настай эгч Калара нь энэ оны эхээр нас баржээ. Тэр нас барахаасаа хэдэн сарын өмнө банканд 19,300 рупи ($203) хадгалуулжээ. Мунда эгчийгээ нас барсных нь дараа хадгаламжин дахь мөнгийг нь авахын тулд банканд хэд хэдэн удаа очсон боловч өөрийгөө уг мөнгийг авах эрхтэй гэдгийг нотолж чадаагүй аж. Тэрбээр “Банкны менежер намайг сонсохгүй, зөвхөн нотолгоо нэхээд байсан тул би аргаа барсандаа араг ясыг нь аваачиж үзүүлэхээр шийдсэн” гэж тайлбарласан байна.
Энэ асуудал маш том маргаан дэгдээсний дараа банк Житу Мундаг эгчийнхээ өв залгамжлагч гэж үзэн, хадгаламжин дахь мөнгийг нь гаргаж өгчээ. Одиша мужийн Татварын сайд Суреш Пужари мөрдөн байцаах ажил эхлүүлж, тухайн асуудлыг зохицуулж чадаагүй банкны салбарын менежерийг шалгаж эхэлснийг мэдээлжээ.
Эх сурвалж: BBC
