АНУ-ын иргэний үнэмлэх буюу паспортыг Ерөнхийлөгч Доналд Трампын хөрөгтэй хэвлэхээр болжээ. Дэлхийн улс орнуудын удирдагчид зургаа паспортын хуудсан дээр хэвлүүлсэн тохиолдол ховор байдаг аж. Трампын хувьд бүрэн эрхийнхээ хугацаанд паспорт дээр хөргөө хэвлүүлсэн АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж байна.
АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Төрийн департамент цөөн тооны паспортыг ийм загвартай хэвлүүлэхээр болсноо мэдэгджээ. 1776 оны долдугаар сарын 4-ний өдөр гарсан Тусгаар тогтнолын тунхаглал дээр Трампын ширүүн харцтай хөргийг байрлуулсан паспортын загварыг АНУ-ын Төрийн департамент сошиал хуудсандаа нийтэлсэн байна. Хөргийнх нь доор Трампын алтан гарын үсгийг хэвлэжээ.
Уг паспортыг авахын тулд нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй. Трампын зурагтай уг паспортыг зөвхөн Вашингтон хотод, биеэр ирж авах иргэдэд олгоно гэж нэрээ нууцалсан нэгэн албан тушаалтан мэдээлжээ. Америкчуудын ихэнх нь захиалсан паспортоо орон нутгийн шуудангаар дамжуулан авдаг. Харин Вашингтон хотод биеэр очиж авах иргэд Трампын хөрөгтэй хувилбараас татгалзах боломжтой эсэх нь тодорхойгүй байна.
Дэлхийн улс орнууд паспортондоо ихэвчлэн түүхэн үйл явдал, эсвэл байгалийн өвөрмөц тогтцыг дүрсэлсэн байдаг. Өнгөрсөн онд хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлснээс хойш Доналд Трамп нэр, хөрөг зэргээ Засгийн газрын байгууламжуудад урьд өмнө байгаагүйгээр тавих болсон. Сарын өмнө Трампын гарын үсгийг шинээр хэвлэх долларын дэвсгэртүүд дээр Сангийн сайдын гарын үсэгтэй хамт хэвлэх шийдвэр гаргаж байлаа.
Трамп Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө байж болох бүх зүйл дээр ул мөрөө үлдээж байна.
Эх сурвалж: BBC, ABC News
