Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулдаг АН-ын 4/11 хэвлэлийн хурал боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Хотын удирдлагуудтай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. Тэрээр:
-Маш олон хүмүүс Туулын хурдны замын төслийг эсэргүүцэж байна. Эсэргүүцэх маш олон шалтгаан байгаа. Энэ асуудлаар хянан шалгах түр хороо байгуулахаар одоогийн байдлаар 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан. Гэхдээ түр хороо байгуулах ажлаа татаж байх шиг байна. Эрх баригч намынхан хянаж шалгах гэж яваа нэгнээ дандаа ингэж болиулдаг.
Хэрвээ өнөөдөр мэргэжлийн байгууллага, хууль сахиулах, мөрдөн шалгах алба гэж үнэхээр байдаг бол Монгол Улсын хууль тогтоомжийг илт зөрчиж, төсвийн 500 тэрбум төгрөгийг үрэн таран хийсэн байж болзошгүй, баримттай энэ асуудлыг шалгах ёстой. Туулын хурдны замын төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй БНХАУ-ын “China Hyway Group Limited” компанид урьдчилгаа мөнгө шилжүүлсэн санхүүгийн баталгааны хуудас байна. Өөрөөр хэлбэл, “бид энэ төслийг хэрэгжүүлж чадна” гэсэн баталгаанд үндэслэн ийм шийдвэр гаргасан гэсэн үг. Гэвч уг баталгааны хуудсыг хамгийн наад захын санхүүгийн мэдлэгтэй хүн харахад л Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн нь илт харагдаж байна.
Ийм баталгааны хуудас үндэслэн төсвийн хөрөнгөнөөс 500 тэрбум төгрөг шилжүүлсэн нь өөрөө бүлэг залилангийн шинжтэй гэмт хэрэг. Тиймээс энэ асуудал дээр хууль сахиулах байгууллагууд ажлаа хийж, шалгах ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Мөн хотын дарга өөрөө сайн дураараа ажлаа өгөх ёстой. Гэтэл Т.Даваадалай гэх орлогч даргаа урдаа гаргаж, нөгөө хүн нь өмнүүр нь хаалт болж, ажлаа өгөх гэж байгаа мэт дүр зураг харагдаж байна.
Өнөөдөр хууль сахиулах байгууллагууд мөрдөн шалгах ажиллагаагаа явуулахгүй байна. Мөн шүүх байгууллага цаг тухайд нь тодорхой, шударга шийдвэр гаргаж чадахгүй байна. Үүний улмаас хэвлэл мэдээллийн байгууллага ч, ард иргэд ч аль нь үнэн, аль нь худал гэдгийг ялгаж итгэхэд бэрх болсон. Эцэст нь хүмүүс хэнд итгэхээ мэдэхгүй байдалд хүрээд байна.
Тиймээс Т.Даваадалайгаас гадна НЗД Х.Нямбаатар хариуцлага хүлээх ёстой. Учир нь энэ бүх мөнгөний эрх мэдлийг олгосон, мөн Туулын хурдны замын төслийг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. Түүнчлэн энэ бүхнийг харсаар байж чимээгүй өнгөрсөн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ч давхар хариуцлага хүлээх ёстой.
