Дэлхийн дайны сүүдрээс Монголд тусах гэгээ


Иранд АНУ-ын хийж буй дайны сүүдэр Дэлхийд олон зүйлийг өөрчлөх шинжтэй. Ормузын хоолойгоор тээвэрлэдэг газрын 18% нь байхгүй боллоо. Иран улсад АНУ энэ оны 2-р сарын 28-нд дайн эхлүүлснээс хойш газрын тосны үнэ 65-87 ам.долларт хүрэв. 2026.03.09-нд брент маркийн газрын тос баррель нь 119.05 ам.долларт тулсан. Монголбанкны тооцоогоор ирэх улиралд газрын тосны үнэ дунджаар 95 ам.долларт хүрэх нь. Муугаар бодвол 120 ам.доллар болно.  

Нийтдээ 6.4 км өргөн энэ хоолойгоор Дэлхийн газрын тосны 20%-ийг тээвэрлэдэг байв. Энэ хоолойг дайнаас болоод хааснаар бөмбөрцгийн газрын тосны 18% нь алга болж, нефтийн үнийг өсгөөд байна. Үүний нөлөөгөөр ОХУ-ын газрын тос үнэд орж, өмнө нь тус улсаас шатахуун авахаас татгалзаж байсан улсууд одоо уралдан захиалга өгч байна.

Газрын тосны салбарт үүссэн энэ хөдөлгөөний нөлөөгөөр Монголд шатахууны үнэ нэмэгдэв. Гэхдээ ингээд л боллоо гэж үү? Эдийн засагчид үүнд “Үгүй” гэж хариулж байна. Ираны дайн хэр удаан үргэлжлэх, Ормузын хоолойг хэр удаан хаах, Дэлхийд газрын тос хэр удаан хомсдохоос энэ нь шалтгаалах нь. Олон салбарт ямархуу өөрчлөлт орох нь үүнээс хамаарна. Удах тусам өөрчлөлт явагдах нь батттай. Ямар өөрчлөлт вэ гэхээр:

1.Хэрэглээ өөрчлөгдөнө. Нэгэнт дутагдалтай байгаа газрын тосыг хүмүүс өөр зүйлээр оруулж таарна. Шатахуун байхгүй гээд хүмүүс машин унахаа болиод явган явахгүй. Цахилгаан машин авч таарна.

2.Ханган нийлүүлэлтийн сүлжээ өөрчлөгдөнө. Иранаас газрын тос авч чадахаа больсон зарим улс ОХУ, Казахстан гэх мэт бусад улсаас авч эхэлсэн. Энэ нь Орост таатай тусаж, “Urals” маркийн газрын тос, шатахуун энэ оны 3-р сараас эрэлттэй болж, үнэ нь огцом өслөө.

3. Цахилгаан станцуудынхаа түлшийг улс орнууд өөрчилнө. Япон улс газрын тосны 5 дахь том импортлогч. Үүнийхээ 90 гаруй хувийг, шингэрүүлсэн хийн 10-аад хувийг Ойрх Дорнодоос авдаг байв. Гэвч Ормузын хоолойг хааснаар Япон улс нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудынхаа үйл ажиллагааг хумих шийдвэрээ түдгэлзүүлж, хүчин чадлынх нь 50 хувиар ажиллуулж байсан ДЦС-уудаа бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхэллээ. Тус улсын нийт цахилгааны 70%-ийг ДЦС үйлдвэрлэдэг. Үүний 30% нь нүүрс, 30% нь байгалийн шингэрүүлсэн хий, 7% нь газрын тос түлдэг байв. Нүүрс түлхүү түлснээр 500 мянган тонн шингэрүүлсэн хий хэмнэнэ.

Дэлхий даяар нэгэнт явагдаж эхэлсэн өөрчлөлтийг манай улс боломж болгож ашиглах хэрэгтэй

БНСУ, Филиппин улс ч нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа буцаан бүрэн чадлаар нь ажиллуулж, цөмийн цахилгаан станцуудынхаа үйлдвэрлэлийг нэмлээ.

Ийм өөрчлөлт Дэлхий даяар нэгэнт явагдаж эхэлсэн. Үүнийг манай улс боломж болгож ашиглах хэрэгтэй. Өрөөлд зарах нь байтугай өөрөө хэрэглэх газрын тос манайд үгүй ч нүүрс, зэс, уран, чухал ашигт малтмал гээд олон ашигт малтмалын эрэлт нэмэгдэх, үнэ өсөх шинжтэй. Тухайлбал: Япон улс хэрэгцээт нүүрснийхээ 80 орчим хувийг Австрали, Индонез улсаас авдаг. Азийн улсууд хэрэглэдэг түүхий нефтийнхээ 60%-ийг Ойрх Дорнодоос Ормузын хоолойгоор дамжуулан авдаг байсан ч одоо бараг авч чадахаа болив.

Хамгийн том хэрэглэгч Хятад улс газрын тосоо Оросоос авах боломжтой ч Украины арми Оросын өмнөд хэсгийн “Туапсе” газрын тос боловсруулах үйлдвэрт удаа дараа дроноор цохилт өгч байна. Хар тэнгисийн эрэгт байрладаг уг үйлдвэрт томоохон гал гарч, чамгүй хохирол амсаад буй. Дайралтаа улам эрчимжүүлнэ гэдгээ Украин мэдэгдсэн. Тэгэхээр Орос найдвартай ханган нийлүүлэгч байх эсэх нь эргэлзээтэй.

Ийм нөхцөлд газрын тосыг өөр түүхий эдээр орлуулах шаардлага аяндаа гарч ирнэ. Тэр нь 1-рт уран, 2-рт нүүрс байх төлөвтэй. Венесуэл улсад хийсэн хөрөнгө оруулалт нь Ормузын хоолойтой хамт хаагдаж байгаа учир Хятад улс одоо Ази, Номхон далайн орнууд руу мөнгөө бариад явах болов уу. Газрын тос, шатахууны хомсдолоос үүдэлтэйгээр цахилгаан машины эрэлт эрс нэмэгдэж байгаа энэ үед хятадууд тэр орон зайг гялс эзлэхээр хурдалж байна. Үүнийг дагаад лити эрэлттэй түүхий эд болж байна. Энэ мэт боломжийг алдвал монголчууд амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхсэнтэй адил болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *