УИХ-ын байнгын хорооны хуралдааны үеэр нийслэлийн засаг даргын орлогч асан Т.Даваадалайг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хурлын танхимын үүдэнд мөргөж, муудалцсан. Уг явдлын дараа Т.Даваадалай СХД-ийн эмнэлэгт хандаж, 5 хоног хөдөлмөрийн чадвараа алдаж, эмнэлэгт хэвтсэн хэмээн Д.Энхтүвшин гишүүнд гомдол гаргажээ. Харин гишүүн хотын орлогчийг тийм хэмжээнд гэмтээсэн гэдэгтэй санал нийлэхгүй байна. Түүнээс энэ талаар нь сэтгүүлчид тодрууллаа.
-Та хотын орлогч асан Т.Даваадалайн гэмтлийн зэргийг ахин шинжлүүлэх хүсэлт гаргасан юм уу?
-Болсон явдлын дараа Т.Даваадалай надад өөрөө “Би зүгээр ээ” гэж хэлсэн. Гэхдээ үүнийхээ дараа “СХД-ийн эмнэлэгт хандаж, 5 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн” гэж ярьсан байна лээ. Гэтэл маргааш, нөгөөдөр нь Т.Даваадалайтай би ордонд тааралдсан шүү дээ. Гэмтлийн зэрэг тогтоолгосон гэдэг мэдээлэл байгаа. Би гэмтээсэн гэдэгтэйгээ санал нийлэхгүй байгаа учраас шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр уг асуудлыг судлуулахаар хүсэлт өгсөн.
-Уг нь гэмтлийн зэргийг Шүүх шинжилгээний хүрээлэн тодорхойлдог биш бил үү?
-Ойрхон байгаа тэр мэргэжлийн газарт очоогүй. Харин СХД-ийн эмнэлэгт очсон байна лээ. Тэгээд “Гэмтсэн” гээд бичиг хийлгэж авсан шиг байгаа юм.
-Таныг уг асуудлаар хууль хяналтын байгууллагаас дуудсан уу?
-Мэдүүлэг авсан. Мэдүүлгээ өгөхдөө сая хэлсэнчлэн бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргасан.
-Зүгээр гэж танд хэлчхээд гомдол гаргачхаж байгаа юм уу?
-Өөрөө уг нь тэгж хэлсэн. “Гомдоогүй” гэж надад хэлсэн. Гэхдээ өөрөө ч юм уу эсвэл өмнөөс нь өөр хүн ч гомдоод байгаа юм уу. Сайн мэдэхгүй байна.
-Та яг тархи толгой руу нь цохисон юм уу?
-Бүх болсон явдлыг хэвлэл мэдээллийнхэн та бүхэн өөрсдөө харсан шүү дээ.
-Та гэхдээ уучлал гуйж байх шиг байсан даа?
-Болсон үйл явдлын тухайд өөрийгөө зөвтгөх ямар нэгэн үндэслэл байхгүй. Би тиймээс байнгын хорооны хурлын үеэр 2 удаа уучлал гуйсан. Маргааш, нөгөөдөр нь ордонд таараад “Асуудалгүй юу? Зүгээр үү” гэж ахин дахин асуухад “Зүгээрээ” л гээд байсан.
-Гомдол нь СХД-ийн цагдаа дээр байгаа юм уу?
-Мөрдөн байцаах газарт гаргасан байна лээ.
-Хөдөлмөрийн чадвараа алдах хэмжээнд гэмтээгүй гэж та үзэж байна уу?
-Болсон явдлыг та бүхэн харсан. 5 өдөр эмнэлэгт хэвтээгүйг нь монголчууд нийтээрээ өдөр бүр өгсөн ярилцлагаас нь харсан байх. 5 хоног эмнэлэгт хэвтэх хэмжээнд хөдөлмөрийн чадвараа алдсан гэдэг гомдол гаргасантай нь санал нийлэхгүй байгаа юм.
-Та өөрийгөө ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа юу?
-Би УИХ-ын гишүүний хувиар ёс зүйн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч, Ёс зүйн дэд хороонд “Хариуцлага хүлээхэд бэлэн байгаа” гэдгээ мэдэгдэж, хүсэлт гаргасан. Биеэ авч явах байдлын хувьд УИХ-ын гишүүнээс гарч боломгүй зөрчил гаргаснаа ойлгож байгаа.
-Тайлбар өгсөнд баярлалаа.
