УИХ дахь АН-ын бүлэг бүлгийн даргаа шинээр сонгох чухал сонголтын өмнө ирээд байна. Эрх баригчдын хоорондын зодоон их үед сөрөг хүчин сайн лидерт зангидагдаж чадвал АН ирэх сонгуулиудад иргэдийн итгэлийг хүлээх магадлал бий. Өнөөдөр хуралдаж байгаа бүлгийн хурлаараа АН-ын бүлгийг дараагийн 2 жилд удирдах хүн хэн байх вэ гэдгийг шийднэ.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Аймхай биш, цагаан дээр хараар бичсэн хуулийг дагаж мөрдөж чадах тууштай хүн хэрэгтэй. Аль болох 1 хүний дарангуйлал руу орчихгүй байхын төлөө дуугарч чадах зоригтой хүнээр бүлгийн даргаа сонгох ёстой. Энэ бол хэн нэг хүний тухай биш, тогтолцооны тухай асуудал юм” гэв. С.Эрдэнэболд гишүүн нэр дэвшигчдээс асуулт асууж байж, хэнийг бүлгийн даргад дэмжихээ шийдэх юм байна.
Харин УИХ-ын гишүүн Ц.Туваан өөрөө бүлгийн даргад нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлэв. Парламентын тогоонд удаан чанагдсан, бүлгийнхээ эв нэгдлийг хангаж чадах хүнийг дэмжих бодолтой байгаагаа мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Г.Очирбатын хувьд Х.Тэмүүжинг бүлгийн даргад дэмжинэ гэдгээ нуусангүй.
