Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтээр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл /Худал мэдээлэл тараах/ нь Үндсэн хууль зөрчсөн гэснийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болж Эрүүгийн хуульд дараах 3 чиглэлээр өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.
Үүнд:
1. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцох,
2. Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйл /Хувь хүний нууцыг задруулах/-ийн 2.2-д “Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор” гэж нэмэх,
3. Эрүүгийн хуульд “14.10 дугаар зүйл. Гүтгэх” гэсэн зүйл, заалт нэмэх.
Дээрх өөрчлөлтүүдийн хүрээнд УИХ-ын гишүүн А.Ганбаатар цахим хуудастаа өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр : “Ажлын хэсгийн гишүүний хувьд хэт ерөнхий байдлаар томьёолж, уг гэмт хэргийн хүрээг үндэслэлгүйгээр өргөжүүлж агуулгыг хийсвэр, олон утгаар тайлбарлах, хэрэглэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхэд халдах нөхцөлийг бүрдүүлсэн Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болгохыг дэмжиж байгаа. Харин 2, 3 дахь асуудлын хувьд сайжруулах, тодорхой болгох, ял шийтгэл тохирсон байх зэрэг үндэслэлээр дэмжихгүй байгаагаа илэрхийллээ” хэмээн дурджээ.
