Эмч багш нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор төсөвт үүссэн алдагдлыг арилгахын тулд төсвийн тодотгол хийх шаардлага парламентын өмнө үүсээд байгаа. Гэхдээ хаврын чуулганы хугацаанд төсвөө тодотгох боломж байхгүйг сангийн сайд З.Мэндсайхан мэдэгдсэн юм. Одоо чуулганаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл болоод хөгжлийн төлөвлөгөө батлах асуудал хэлэлцүүлж эхлээд байна. Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг батлах хуулийн хугацаа тулсан бөгөөд хойшлуулах боломжгүй хуулийн төсөл билээ. Түүнчлэн ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцүүлж эхэлснээс хойш 3 сарын хугацаанд төсөв тодотгох ёсгүйг хуульд заасан байдаг.
Тиймээс алдагдалтай яваа 2026 оны төсвийг намрын чуулган эхлэхээс нааш тодотгох хуулийн боломж байхгүй болж таарч байна.
