16 настай охин болон 32 настай эмэгтэйг онц харгис аргаар хөнөөсөн Ц.Дагвадорж болон нэр бүхий дөрвөн хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд явагдлаа. Уг хэрэгт өсвөр насны шүүгдэгч холбогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт заасны дагуу шүүх хурал хаалттай үргэлжилсэн юм.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон юм. Уг хэрэгт шүүгдэгч, хохирогч гэсэн хоёр статустайгаар оролцсон Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Мөн насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайханыг цагаатгасан байдаг. Мөн гэмт хэргийн хор хохирол болгож, Ц.Дагвадоржийг 256 сая төгрөгийг 16 настай амь хохирогч Ч.Шинэсарангийн ээж Г.Отгонтуяад, 205 сая төгрөгийг 32 настай амь хохирогч З-н хууль ёсны төлөөлөгчид гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн юм.
Давж заалдах шатны шүүх хуралдаан өдөржин хуралдсаны эцэст анхан шатны шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг эс үйлдэхүйгээр хамжигчаар оролцсон гэдэг үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэнийг үндэслэлтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нар нь хамжигчаар оролцсон нь тогтоогдоогүй учраас гэмгүй гэж үзсэн юм.
Хэрвээ давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг хохирогчийн талаас зөвшөөрөхгүй бол 14 хоногийн хугацаанд Улсын дээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг онцоллоо.
