“Ерөнхий шүүгч Д.Ганзориг солигдоогүй цагт газрын 1 ч наймаачинд хариуцлага тооцож чадахгүй. Энэ бүх газруудын цаана нууцаар байранд орсон, СӨХ-той хуйвалдсан хүмүүс бүгд шүүгч. Шүүгч нарт хандаж хэлэхэд, Ерөнхий сайдыг огцруулах гээд ерөнхий зөвлөлийн гишүүдээ архидуулаад явж байхын оронд наад авлигачидтайгаа тэмц. Шүүгч нар нь өөрсдөө авлигач. Тэд нар яаж авлигатай тэмцэх юм. Мега төслүүдийн ард байгаа бүх зүйл захиргааны хэргийн шүүх дээр гацсан. Тавантолгой цахилгаан станц шүүх дээр л гацсан” хэмээн 2025.01.24-нд УИХ-ын чуулганы индэр дээрээс хатуурхаж байлаа.
Гэвч түүний “Мега төслүүдийн ард байгаа бүх шүүгчийн асуудлыг нэг л өдөр парламент ярина гэдэгт би огт эргэлздэггүй” гэж хэлсэн үг агаарт сарнисан. Шүүгч нарын авлигын асуудлаар парламент сонсгол зохион байгуулаагүй. Олон нийтийн мэдэх эрхийг хангаагүй. Харин Л.Оюун-Эрдэнэ өөрөө явж, Д.Ганзориг үлдсэн. Одоо харин Д.Ганзориг явах гэж байна. Ялгаатай нь тэр 6 жилийн хугацаагаа дуусгаад явна.
Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа 2026.06.02-нд дуусна. Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа 2013.04.12-нд УДШ-ийн шүүгчээр томилжээ. Түүнийг тус шүүхийн ерөнхий шүүгчээр тавьсан хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга. УДШ-ийн босго даван, шүүгч болсон тэр өдрөө буюу 2020.06.02-нд 7 жилийн дараа ерөнхий шүүгч болсон байна.
Ерөнхийлөгч өөрөө тийм ерөнхий шүүгчийг томилох нь уу, өөр шүүгч тавих нь уу. Бүгдээрээ удахгүй харъя
2019 оны 4 дүгээр сард ҮАБЗ-ийн зөвлөснөөр УИХ шүүх, прокурор, АТГ-ын удирдлагыг чөлөөлж, шинэ хүн томилсон түүхтэй. Тухайн үед дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригийг чөлөөлж, түүний оронд Д.Ганзоригийг томилохоор УДШ-ийн шүүгч нар санал болгож байв. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг батламжлахаас татгалзсан юм. Яагаад гэдгээ хэлээгүй.
Ингээд дээд шүүхийн шүүгч нар дахин хуралдаж, Х.Батсүрэнг өргөн мэдүүлж, түүнийг нь Ерөнхийлөгч батламжилж байв. Гэсэн ч жил гаруйн дараа Х.Батсүрэн өөрийн хүсэлтээр уг албан тушаалаас чөлөөлөгдсөн. Шалтгаанаа тэр тайлбарлаагүй. Үүний дараа Д.Ганзоригийн нэрийг шүүгч нар дахин зүтгүүлж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснийг батламжилжээ. Өмнө нь хүлээж аваагүй хүндээ тэр удаад таатай хандах болсон учрыг бас л хэн ч мэдээгүй.
Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36.7-д “Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор 6 жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэж заажээ. Тэгэхээр Д.Ганзориг явж, оронд нь өөр хүн ирнэ.
Шүүхийн тухай хуулийн дагуу 2 жил тутам бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн ээлжит чуулган зохион байгуулдаг. Төрийн ордонд 2025.10.09-нд болсон уг чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, “Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй. Өндөр ёс зүйтэй, мэргэжлийн ур чадвартай, ашиг сонирхлын зөрчлөөс ангид шүүгч л хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж, хэрэг, маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэж чадна” гэж сануулсан. Ерөнхийлөгч өөрөө тийм ерөнхий шүүгчийг томилох нь уу, өөр шүүгч тавих нь уу. Бүгдээрээ удахгүй харъя.
