АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өнөөдөр БНХАУ-д айлчилна. Трамп БНХАУ-д хамгийн сүүлд 2017 онд айлчилж байв. Түүний 2017 онд хийсэн айлчлалын үеэр Хятадын эрх баригчид түүнд Хориотой Хотод оройн зоог барих зөвшөөрөл олгосон нь өмнө нь АНУ-ын ямар ч ерөнхийлөгчид үзүүлж байгаагүй хүндлэл байв.
Тэр үеэс хойш БНХАУ хиймэл оюуны дэвшилтэт технологиуд бүтээж, илүү хүчирхэг болсон. Трампыг өмнөхөөсөө илүү хүчирхэг Хятад улс хүлээж авахаар бэлдэж байна.

Тус уулзалтын үеэр АНУ, БНХАУ арилжаа болон хөрөнгө оруулалтын тохиролцоог дэмжих талаар хэлэлцэх төлөвтэй байна. Хэлэлцээрийн үеэр хоёр улс БНХАУ-аас АНУ руу газрын ховор металл экспортлох урсгалыг үргэлжлүүлэх хугацааг сунгах талаар ярилцахаар бэлтгэж байгаа гэв.
Трамп болон Ши Жиньпин нар уулзалтаараа хөндөх Иран, Тайвань болон цөмийн зэвсэг зэрэг сэдэв нь АНУ, Хятадын харилцааг хурцатгаад байгаа асуудлууд билээ.
БНХАУ Ирантай нягт харилцаатай, газрын тосны гол худалдан авагч хэвээр байгаа юм. Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр АНУ болон Израил Иранд цохилт өгснөөр томоохон дайн эхэлсэн. Энэ дайныг зогсоож, Техраныг хэлэлцээний ширээн дээр суулгахын тулд Трамп БНХАУ-гаас нөлөөгөө ашиглахыг шаардаж байна.
Мөн Трампын захиргаа ОХУ-тай хийж буй хэлэлцээрт БНХАУ-г туслахыг шаардаж эхэлжээ. АНУ-ын нэг дээд албан тушаалтан “Ерөнхийлөгч Трамп Ши Жиньпинтэй Иран болон Оросын асуудлаар хэд хэдэн удаа ярилцсан. Хятадаас эдгээр дэглэмүүдэд өгч буй санхүүжилт, иргэний болон цэргийн зориулалттай бараа бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгсэл, түүнчлэн зэвсэг нийлүүлж магадгүй талаар хөндсөн. Энэхүү яриа хэлэлцээ цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC, Reuters
