В.Батчимэг: Манай аялал жуулчлалын салбар улам илүү хөгжвөл орон нутгуудад үр шимээ өгнө


Аялал жуулчлалын улирал ирж буйтай холбоотойгоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны АЖБЗГ-ын дарга В.Батчимэгтэй ярилцлаа.

-Аялал жуулчлалын улирал хаяанд ирж байна. Үүнтэй холбоотойгоор танай яам хэрхэн ажиллаж байна вэ. Мөн жуулчдаа хүлээн авахад бэлэн үү?

-2023-2028 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарласан. Үүний хүрээнд шат дараалсан арга хэмжээг авч ажиллаж байна. Ингэснээр манай улсын аялал жуулчлал тогтвортойгоор хөгжих боломж бүрдэж байна гэж харж болох юм.

Өнгөрөгч 2025 онд засгийн газрын хуралдаанаар өвлийн аялал жуулчлалын төлөвлөгөөг баталсан. Үүний хүрээнд 1-р улирлын аялал жуулчлал өмнөх онтой харьцуулбал 40 хувийн өсөлттэй гарсан. Харин он гарснаас хойш 5 сарын байдлаар  222,000 жуулчин манай улсад ирсэн байна. Үүнийг өмнөх онтой харьцуулбал, 17 хувийн өсөлттэй байгаа юм.

Түүнээс гадна манай улсын хувьд их онцлогтой. Орон нутгуудаа түшиглэсэн аялал жуулчлал илүүтэй хөгжсөн. Иймд манай иргэд, аймаг, орон нутгийнхан санал санаачилга гаргаж, аялал жуулчлалын салбарт өөрсдийнхөө зүгээс хандаж, үр ашгийг хүртэхдээ анхаарч ажиллаасай гэж хүсэж байна.  

-Энэ жил маш онцлог гэж бодож байна. Дэлхийн алдарт Physical Asia шоу болон бусад сонирхолтой үйл явдлуудаар манай орон олон улсын анхааралд өртсөн гэж бодож байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд хэчнээн жуулчин хүлээн авахаар төлөвлөж байна вэ?

-Энэ жил манай салбарынхан 1 сая жуулчин хүлээн авах зорилго тавьсан байгаа. Мэдээж энэ тооны жуулчдыг хүлээж авахын тулд юу юуг анхаарах ёстой талаар салбарын түвшинд ярьсан. Үүний хүрээнд бид олон жил ярьсан хил орчмын аялал жуулчлалыг нээх асуудлыг хөндсөн.  Яагаад гэвэл БНХАУ бол дэлхийн номер 1 аялал жуулчлалын бүс болоод байгаа шүү дээ. Тиймээс хөрш орныхоо зах зээлийг алдахгүйгээр тодорхой алхмуудыг хийж, хил залгаа, алслагдсан аймаг, сумддаа боломжийг авахын төлөө хил орчмын аялал жуулчлалыг нээж, талын аялал жуулчлал брэндийг үүсгэж, хөгжүүлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн “Цайны замын автомашинтай аялал”-ыг нээсний хүрээнд 2 улстайгаа хамтран 3 улсын цайны замын авто раллийг зохион байгуулах гэх мэтчилэн ажлуудыг  шат дараатайгаар хийж байна.   

-Жуулчдын зүгээс нэг гомдлыг илүүтэй хэлдэг. Тэр бол ариун цэврийн өрөөний асуудал. Гэтэл энэ жил 1 сая жуулчин хүлээж авна гэж байдаг. Тэгвэл жуулчид яг энэ ариун цэврийн асуудалд сэтгэл хангалуун байж чадах уу. Үүнийг хэрхэн зохицуулахаар ажиллаж байна?

Мэдээж тэгэлгүй яах вэ.

  • Нэгдүгээрт, бид жуулчин ирүүлэхийн төлөө ажиллаж байна. 
  • Хоёрдугаарт, Жуулчдын сэтгэл ханамжтай байдлыг эрхэмлэж ажиллах ёстой.

Үүний хүрээнд 2024 онд ЗГ-ын хуралдаанаар зам дагуу түр буудлах цэгүүдийг батлуулсан байгаа. Үүний хэрэгжилт хангалтгүй байгаа эсэхийг судалж үзэхэд газар олголт болон хөрөнгөний асуудал байна лээ. Тиймээс бид аймаг, орон нутгуудаа 189-р тогтоолоор батлагдсан 58 газрын газар олголтыг дэмжиж ажиллаач ээ, төр хувийн хэвшлийн түншлэлээр хамтран хэрэгжүүлж болох юм гэсэн үүднээс засаг дарга нарт албан бичиг хүргүүлж байна.

Мөн 6 хувийн зээлийг 6 төрөл дээр гаргаж байгаа. Үүний нэг нь зам дагуу түр буудлах цэгүүд дээр зээл олголтын асуудлыг дэмжихээр оролцон явж байна.

Мэдээж шатахуун түгээх станцуудыг түшиглэж ариун цэврийн байгууламж ашигладаг байх асуудлыг ярьж байгаа. Манай яам, сайдын зүгээс санаачилга гаргаад ШТС-уудын захирал, удирдлага, төлөөллүүдтэй уулзсан. Шунхлай болон Петровис компани хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Ер нь олон улсын стандартыг харвал, ШТС-ууд нийгмийн хариуцлагын хүрээнд дэргэдээ жуулчдыг ая тухтай өнгөрүүлэхэд зориулагдсан ариун цэврийн байгууламж бий болгохоос гадна орон нутгийн иргэдэд ажлын байр нэмэгдүүлэх 2 талын боломжийг бий болгодог. Энэ нь зөв гэж ярилцаж байгаа. Цаашид бид ШТС болон зам дагуу түр буудлах цэгийг нэмэгдүүлэх тал дээр бодлогоор дэмжиж ажиллана.

-Ойрын тэдэн жил гэсэн төлөвлөгөө бий юу?

-Мэдээж энэ асуудлыг ярихад маш олон асуудал яригдана. Үүний хүрээнд жуулчдын хамгийн их зорьж байгаа бүс нутгуудад анхаарч ажиллая гэж төлөвлөж байгаа. Ингэхдээ Хөвсгөл, Өмнөговь, Баруун бүсийн чиглэлүүдэд дор хаяж 20 ариун цэврийн байгууламжийг барих боломжтой юу гэдэг асуудлыг ААН-үүддээ тавьсан. Тэдний зүгээс боломжгүй зүйл байхгүй гэдэг хариултыг өгсөн.

-Сүүлийн жилүүдэд аяллын компаниуд ихээхэн нэмэгдэж байна. Үүнд чанарын асуудал зайлшгүй яригдах шаардлагатай гэж бодож байна?

-Мэдээж яамны зүгээс тухайн салбарын алба хаагчдыг чадавхжуулах ажлууд хийдэг. Манай аялал жуулчлалын тухай хууль 2023 онд шинэчлэн батлагдсан. Бид аль болох эдийн засгийг солонгоруулъя, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг нэмэгдүүлье гэдэг бодлого барьсан. Үүний хүрээнд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхлэх мөн шинээр үйл ажиллагаа явуулж, оператор компани нээсэн тохиолдолд эхний 3 жил татвараас чөлөөлөх зэрэг тодорхой дэмжлэгүүдийг хэрэгжүүлээд явж байгаа.

Гэхдээ эргээд хариуцлагын асуудал яригдана. Тиймээс даатгалын журам боловсруулж байна. Даатгалаар хариуцлагаа тооцдог, эргээд эзэнтэй байх асуудлыг ярьж байна.

Жуулчдын зүгээс бас нэг асуудал хөнддөг нь худалдан авалтын үнийн дүн, эдийн засгийн хүндрэл. Өөрөөр хэлбэл жуулчид харахаараа үнээ нэмдэг нөхцөл байдал хэр их байдаг вэ?

-Манай аялал жуулчлалын салбар бол цэвэр бизнес эрхлэгчдийн нуруун дээр явдаг салбар. Үүнд төр хөндлөнгөөс оролцох боломж байдаггүй. Харин олон улсын стандартын дагуу үйлчилгээ үзүүлж байгаа бол өндөр үнэ өртөгтэй байх боломжтой.

Мөн улирлын сезоны улмаас үнийн нэмэгдэлтэй ажиллах асуудал байдаг. Мэдээж аялал жуулчлалын салбар цаашид улам хөгжвөл шударга өрсөлдөөн бий болж, үнийн хувьд буурах боломж бүрдэх байх гэж бодож байна. Бодлого барьж байгаа хүний хувьд ААН-үүдээ дарамттай байлгахгүйгээр аль болох дэмжиж ажиллахыг боддог.

Нэмэлтээр өгөх мэдээлэл байгаа юу?

-Монголчууд бид эрт дээр үеэс зочломтгой ард түмэн. Тиймээс жуулчин бүрийг инээмсэглэж угтаж аваасай гэж хүсэж байна. Мөн “Зочломтгой Монгол” аяныг  өрнүүлэх гэж байгаа учраас иргэн бүр оролцоотой байгаасай гэж хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *