Ши Жиньпин Доналд Трампыг угтан авч, үг хэллээ


АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-д айлчиллаа. БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин түүнийг Тяньаньмэний талбайд угтан авчээ. Хоёр улсын удирдагч уулзалтыг нээн үг хэлэв.

БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин нээлтийн үг хэлэхдээ “Дэлхий даяар бидний уулзалтыг анхааралтай ажиглаж байна. Дэлхий дахинд зуун жилд тохиогоогүй маш их өөрчлөлтүүд явагдлаа. Олон улсад нөхцөл байдал маш тогтворгүй, ээдрээтэй байна. Дэлхий ертөнц шинэ салаа зам дээр дээр ирлээ. БНХАУ, АНУ хоёр Тукидидын хавхыг давж, харилцааны шинэ загварыг бий болгож чадах уу? Бид дэлхийн өмнө тулгамдсан асуудлуудыг хамтдаа шийдэж, дэлхий дахинд илүү тогтвортой байдлыг авчирч чадах уу? Дэлхий дахин, хоёр орны ард түмэн болон хүн төрөлхтний ирээдүйн төлөө сайн харилцааг бүтээж чадах уу? Эдгээр асуултууд нь түүхэнд, дэлхий дахинд болон хоёр орны ард түмэнд маш чухал юм. Эдгээр асуултууд нь бидний хариулах ёстой цаг үеийн асуудал мөн” гэж мэдэгджээ.

Ши Жиньпин Трамп болон АНУ-д тусгаар тогтнолоо зарласны 250 жилийн ойд баяр хүргэжээ. Тэр “Манай хоёр улсад ялгаатай зүйл байгаа ч нийтлэг сонирхол илүү их гэдэгт би үргэлж итгэдэг. Нэг улсын амжилт нь нөгөө улсдаа боломж болж өгдөг. Бидний харилцаа тогтвортой байх нь дэлхий ертөнцөд тустай. БНХАУ, АНУ хоёр хамтран ажиллавал хожиж, сөргөлдвөл хохирох болно” гэж мэдэгдсэн байна.

Нээлтийн үгийнхээ төгсгөлд Ши Жиньпин Доналд Трампад хандаж “Тантай хамт Хятад-АНУ-ын харилцаа гэх аварга том хөлөг онгоцыг зөв зүгт залахыг хүсэж байна. 2026 оныг түүхэнд үлдэх жил болгож, харилцааны шинэ хуудсыг нээцгээе” гэж хэлжээ.

Эх сурвалж: BBC, Reuters


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *