“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт энэ сарын 23-нд болно. Энэ жилийн марафонд 46 мянга гаруй хүн бүртгүүлсэн нь өнгөрсөн жилийн оролцогчдоос 2 дахин өссөн үзүүлэлт болжээ.
Оролцогчдын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор зохион байгуулагчид гарааны аюулгүй байдал, замын ачаалал, гүйгчдийн урсгалыг зөв зохион байгуулах үүднээс төрөл тус бүрийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, бүтэн марафон буюу 42.195 км-ийн ангилал өглөөний 07:00 цагт Соёлын төв өргөөний баруун талаас гарах бол хагас марафон 21.095 км болон 10 км-ийн төрөл 08:30 цагт эхэлнэ. Эрүүл мэндийн 5 км-ийн гүйлт 13:00 цагт МУИС-ийн урдаас гараа эхэлнэ. 1.5 км-ийн гэр бүлийн ангилал 15:00 цагт эхлэхээр товлогджээ. Мөн тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй оролцогчдын 1.5 км-ийн төрөл 15:30 цагт МУИС-ийн урдаас гарах юм. Тусгай олимпын 800 метрийн төрөл 16:00 цагт Спортын төв ордны харалдаа замаас, 500 метрийн төрөл 16:10 цагт Улаанбаатар зочид буудлын харалдаа замаас тус тус гараагаа эхлүүлнэ.
Зохион байгуулагчдын зүгээс оролцогчдыг гарааны бүсэд дор хаяж 30-60 минутын өмнө ирж, энгэрийн дугаар, чип болон ангиллын мэдээллээ урьдчилан шалгахыг зөвлөв.

