Г.Занданшатарын засгийн газар эмч багш нарын цалинг нэмэх гэрээ хийсэн ч амласан цалингаа төсөвт суулгаагүй багш эмч нарыг 1 ёсондоо муричихсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл энэхүү нэмэгдлийг Н.Учрал Ерөнхий сайд болохдоо гэрээ ёсоор олгоно гэдгийг амласан. Гэхдээ эмч, багш нарын цалингийн нэмэгдлийн мөнгө 2026 оны төсөвт байхгүй учраас оны оны сүүл саруудынх нь цалингаас авч нэмэгдсэн дүнтэй цалинг 5-р сарын сүүл цалингаас олгож эхлэнэ гэдгийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн байна.
Тэгэхээр 2026 оны 10, 11, 12 саруудад багш эмч нарт олгох цалингаар одоо цалинг нэмж олгоно гэсэн үг.
2026 оны төсөв эмч багш нарын цалингийн нэмэгдэл багтаагүй байхдаа л тасарч эхэлсэн гэдгийг эрх бүхий албан тушаалтнууд мэдэгдээд байгаа. Энэ бүх шалтгаанаар төсөвт тодотгол хийх шаардлага үүсээд байгаа нь нууц биш. Гэхдээ сангийн сайд З.Мэндсайхан төсөвт тодотгол хийх боломжгүй гэдэг байр сууриа хадгалсаар байгаа юм.
Учир нь парламент 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцээд эхэлчихсэн. Уг хуулийн төсөл хэлэлцэж баталбал 3 сарын дотор төсөвт тодотгол хийхийг хуулиар хориглодог байна.
Тиймээс 2026 оны төсвийг тодотговол УИХ хууль зөрчих болно. Эмч багш нарын цалинг 2026 оны 5 сараас эхлэн нэмэгдсэн дүнгээр олгож эхэлбэл 1,1 их наяд төгрөг хэрэгтэй болно.
Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хувьд эмч багш нарын цалингийн нэмэгдлийг төсөвт тодотгол хийж суулгаж өгөхөөс өөр аргагүй гэдэг байр суурин дээрээ хатуу байна. Ерөнхий сайд ч төсвийн тодотголыг оруулж ирнэ гэдгээ нэгэнтээ амласан удаа бий.
Харин эрүүл мэндийн сайд Э.Батшугарын хувьд хэрвээ төсвийг тодотгохгүй бол өөр гарц гаргах төлөвлөгөөтэй байна. Боловсролын салбарыг бодвол эмч, эмнэлгийн ажилтнуудын цалингийн нэмэгдэл харьцангуй бага. 150 тэрбум төгрөгт багтаж байгаа юм. Энэ мөнгийг Э.Батшугар эрүүл мэндийн салбарт таналт хийх замаар бүрдүүлэх бололцоотой гэдэг тайлбар өгсөн.
Тухайлбал томоохон эмнэлгүүдийн худалдан авалтыг 1 цонхоор явуулах замаар таналт хийх бололцоотой хэмээн тооцоолж байна. Эмнэлгүүдийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан үнийн дүн хоорондоо асар зөрүүтэй байгаа гэнэ. Тэгэхээр улсын эмнэлгүүдэд хэрэглэгдэж байгаа эм тариа, эмнэлгийн багаж хэрэгслийг 1 цонхоор худалдан авснаар мөнгө хэмнэх бололцоо бүрдэнэ гэж үзэж буй. Түүнчлэн эмчийн үзлэгт орсон иргэдийн мэдээллийг хурууны хээгээр бүртгэхдээ Дан системтэй холбосноор эмнэлгийн үйлчилгээ авч байгаа иргэдийн тоон мэдээлэл цөөрч хэмнэгдэх боломж үүснэ хэмээн Э.Батшугар сайд тооцоолж байна.
Тэгэхээр эрүүл мэндийн салбарын цалингийн нэмэгдэл салбарын сайдын хувьд тийм ч хүнд асуудал биш болжээ гэж дүгнэж болохоор байгаа юм. Харин бараг 900 гаруй тэрбум төгрөгийн нэмэгдэл сох дутаад байгаа боловсролын салбарын цалин хөлсний асуудал Л.Энх-Амгалангийн хувьд шүдний өвчин болоод буй. Ядахад танхимд зэрэгцэн суугаа сангийн сайд нь төсвийн тодотголыг дэмжихгүй гэдгээ зарлачихсан.
Гэхдээ түүнд Ерөнхий сайдын дэмжлэг байгаа. Тиймээс багш нарын цалингийн нэмэгдэл парламентаар төсвийн тодотголд сууж хэлэлцүүлэх нь магадлал өндөр юм. Нэгэнт 3 сарын дотор төсвийн тодотголыг хэлэлцүүлж болохгүйг хуулиар хориглочихсон болохоор намрын чуулган хүртэл 2026 оны төсвийн тодотгол хүлээгдэж таарах нь тодорхой байна.
Гол нь намрын чуулган 10 сард эхэлнэ. 10-р сард өргөн барьсан төсвийн тодотгол хэр удаан хугацаа шаардах бол гэдэг нь асуулт дагуулсан сэдэв билээ. Төсвийн тодотголоо хэлэлцэж байх хойгуур багш нарт олгох цалин огт байхгүй болчих эрсдэл бодитой нүүрлээд байна. Гэхдээ 2025 оны намрынх шиг чуулганыг 15 хоногийн өмнө эхэлбэл 2026 оны төсвөө тодотгож амжиж ч мэдэх юм. Ямартай ч багш эмч нарын оны сүүл саруудын цалин сох дутах эрсдэл бодитой болсныг бид мартаж болохгүй.
