Хулгайн анчдын буу, мотоциклийг хураалаа


2026 оны эхний 5 сарын байдлаар Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн Прокурорын газар аргаль, баавгай гэх мэт ховор амьтныг хууль бусаар агнасан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Ховд аймгийн Прокурорын газраас: 

-М.А, М.А нар нь бүлэглэн оны 2025 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг дэвсгэр, улсын тусгай хамгаалалттай газраас зохих зөвшөөрөлгүйгээр, Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан, Ховор амьтны жагсаалтад орсон, 1 тооны аргалийг агнаж, “Toyota Prius” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд, М.А, М.А нарыг бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, ховор амьтны түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сая төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, амьтны аймагт учруулсан хохиролд тус бүрээс нь 22,2 сая төгрөгийг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд олгуулах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, галт зэвсгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн;

-Д.Э нь 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Дуут сумын нутаг дэвсгэрт зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр,  Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан, Ховор амьтны жагсаалтад орсон, 1 тооны аргалийг галт зэвсэг ашиглан хууль бусаар агнасан, мөн 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн нутаг дэвсгэрт буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүсэд зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр, Ховор амьтны жагсаалтад орсон,  1 тооны зэгсний зэрлэг гахайг хууль бусаар агнасан, “Пажеро” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн,  Ховд аймгийн Жаргалант суманд өөрийн гэртээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2026 оны 5 дугаар сарын 11-ны өдөр хянан хэлэлцээд Д.Э-г улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, амьтны аймагт учруулсан хохиролд 55,7 сая төгрөгийг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд олгуулах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн (бусдын өмчлөлийн) үнэ 4 сая төгрөг, галт зэвсгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас:

С.Т нь 2024 оны 9 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэр, улсын тусгай хамгаалалттай газар нутгаас ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны хүрэн баавгайг зохих байгууллагаас зохих зөвшөөрөлгүйгээр агнаж, 2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд өвөлжөөний байшиндаа  баавгайн түүхий эд болох сарвууг хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд С.Т-г хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, амьтны аймагт учруулсан хохиролд 24,8 сая төгрөг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд олгуулах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан галт зэвсгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн;

-Н.Н нь 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр, Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан, Ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны Алтайн хойлог шувууг агнасан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд Н.Н-г ховор амьтныг хууль бусаар агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, амьтны аймагт учруулсан хохиролд 434 мянган төгрөг төлөгдсөн болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан галт зэвсгийн (бусдын өмчлөлийн) үнэ 750 мянган төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. 

Увс аймгийн Прокурорын газраас:

-М.Д, Б.Б, П.Т, Э.Б нар нь бүлэглэн 2025 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дэвсгэр, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүсэд зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр ойн зэрлэг гахай агнасан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд М.Д, Б.Б, П.Т, Э.Б нарыг бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, түүний түүхий эдийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд нь хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 2 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, амьтны аймагт учруулсан хохиролд 2,8 сая төгрөг төлөгдсөн болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2 төрлийн мотоцикл, галт зэвсгийг тус тус хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

– С.Б нь 2025 оны 10 дугаар сард Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ховор амьтны жагсаалтын 8 дугаарт багтсан, 2 тооны зэгсний зэрлэг гахайг агнаж, түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд С.Б-г зөвшөөрөлгүйгээр ховор амьтан агнасан, түүний түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, амьтны аймагт учруулсан хохиролд 22,7 сая төгрөг төлөгдсөн болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоцикл, галт зэвсгийг тус тус хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *