Ж.Энхбаяр, Э.Бат-Амгалан нар нийслэлийг удирдах гэнэ


Нөөцөлсөн 2500 тонн мах алга болсон, махны үнэ тэнгэрт хадсан гэх шалтгаанаар Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлөхөө 5-р сарын 16-нд мэдэгдсэн. Энэ асуудлыг өнөөдөр Ерөнхий сайд эцэслэн шийдэхээр болжээ. Х.Нямбаатарын оронд тэр хэнийг тавих нь анхаарал татаж байна.

Нийслэлийн МАН-ын хороо 2026.04.23-нд Тусгаар тогтнолын ордонд хуралдахдаа даргаа солих магадлал өндөр байсан ч тэгээгүй. Туулын хурдны зам болон авто замын бродюр, хавтанг солих шаардлагагүй байхад мөнгө үрж сольсон хэмээн олон нийт түүнийг шүүмжилж байв. Үүн дээр нь махны үнийг хязгаарлах арга хэмжээ аваагүй, хэт өсөхөд хүргэсэн гэх ял түүнд тохогдлоо. 2024.05.18-наас хойш 2 жил нийслэлийн МАН-ын хороог даргалж буй Х.Нямбаатар нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэдэг албан тушаалаа алдаад зогсохгүй. МАН-ын дарга Н.Учрал өнөөдөр түүнээс уг албан тушаалыг нь авах бол энэ 7 хоногт нийслэлийн МАН-ын хороог хуралдуулж, тус хорооны даргын албан тушаалыг бас түүнээс авахаар төлөвлөжээ.

Нийслэлийн МАН-ын хороо дотооддоо зөрчилтэй байгаа. Нийслэлийн МАН-ын хорооны дарга, нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарын хооронд эрх мэдлийн тэмцэл өрнөж, тэд удаа дараа олон нийтэд хандан мэдэгдэл хийсэн. Э.Бат-Амгалан нийслэлийн МАН-ын хорооны даргаар ажиллах санал тавибал хүлээж авна гэдгээ илэрхийлээд байсан ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстанд айлчлахаас өмнө Х.Нямбаатар түүнтэй уулзаж, нийслэлийн МАН-ын хорооны даргаар үлдээхийг Ерөнхийлөгчөөс гуйсан байдаг. Ингэж гуйхдаа Х.Нямбаатар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас зарцуулах мөнгийг нийслэлийн МАН-ын хороо гаргахаар амласан гэдэг.

Э.Бат-Амгалан, У.Отгонбаяр нарын фракцын од нь гийсэн нэг төлөөлөгч Х.Нямбаатарыг халааг авах бололтой

Харин одоо Ерөнхийлөгч тэр бодлоо орхиж, Н.Учралын гараар Х.Нямбаатарыг солиулж байна. Түүний оронд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланг тавих сураг байгаа. Гэхдээ уг албан тушаалд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаярыг тавих сураг бас гарч эхэллээ. Түүнийг Ерөнхийлөгч уг албан тушаалд тавихаар сонгосон гэх мэдээлэл байна.

Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нийслэлийн МАН-ын хорооны даргын суудлын төлөө өрсөлдөнө гэдгээ 2026.02.27-нд болсон намынхаа бага хурлын үеэр ил цагаан мэдэгдсэн. Тэр “Гадуур намайг нийслэлийн МАН-ын даргын суудлыг авна гэж яриад байна лээ. Би хотын дарга болохгүй гэж хэлсэн. Харин нийслэлийн МАН-ын даргын санал ирвэл, би болно. Надад тэр ажлыг хийх туршлага бий” гэсэн юм.

Түүнийг хүслээ ийн ил илэрхийлэх зориг оруулсан хүн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бүсчилсэн хөгжил хариуцсан зөвлөх хийж яваад, УИХ-ын гишүүн болсон У.Отгонбаяр нийслэлийн МАН-ын хороог хэрхэн авах талаар Э.Бат-Амгалан сайдад зөвлөж, дээлийнх нь захыг мушгиж явав. У.Отгонбаяр өмнө нь Үйлдвэр, худалдааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яаманд ажиллаж байв. УИХ-ын гишүүн болоод, парламент дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдсон. Хамгийн гол нь тэр Ерөнхийлөгчийн төрсөн дүү. Энэ ч үүднээсээ түүнийг тойрон хүрээлэгчид олон.

Нийслэлийн засаг даргаар Э.Энхбаярыг тавиад, нийслэлийн МАН-ын хороог Э.Бат-Амгалан, У.Отгонбаяр нарт өгөх сурагтай

Үүнд тулгуурлан тэр өөрийн гэсэн бүлэгтэй болжээ. Тус бүлэг нийслэлийн МАН-ын хороог авахыг хүсэж байгаа. Тэд Э.Бат-Амгалангаар нийслэлийн МАН-ын хороог удирдуулаад, нийслэлийн засаг даргын суудалд У.Отгонбаярыг тавихаар төлөвлөсөн ч тэр төлөвлөгөөнөөсөө буцсан. Тэднийг Ерөнхийлөгч болиулсан гэдэг.

Харин одоо Ерөнхийлөгч нийслэлийн засаг даргаар Э.Энхбаярыг тавиад, нийслэлийн МАН-ын хороог Э.Бат-Амгалан, У.Отгонбаяр нарт өгөх сурагтай. Тэд харин хэнийгээ нийслэлийн МАН-ын хорооны даргаар тавихаа шийдэх гэнэ. Нийслэлийн ИТХ 45 төлөөлөгчтэй. Тэдний дундах Э.Бат-Амгалан, У.Отгонбаяр нарын фракцын од нь гийсэн нэг төлөөлөгч Х.Нямбаатарыг халааг авах бололтой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *