Ойрх Дорнодод үргэлжилж буй дайныг зогсоох Вашингтон-Техраны яриа хэлэлцээр зогсонги байдалд ороод удаж байгаа билээ. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт Бээжинд айлчлахдаа энэ асуудлаар Хятадын удирдагчтай ярилцсан ч ахиц дэвшил гаргаж чадаагүй байна.
Тэгвэл өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эрх баригчдад “цаг явсаар байна шүү” гэж анхааруулжээ. Трамп сошиал хуудсандаа “Тэд ХУРДАН хөдлөх хэрэгтэй. Эс тэгвэл тэднээс юу ч үлдэхгүй болно. ЦАГ ХУГАЦАА бол ХАМГИЙН АМИН ЧУХАЛ ЗҮЙЛ!” гэж бичсэн байна.
Трамп Ираны дайнтай холбоотой асуудлаар энэ долоо хоногийн ням гарагт Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай хэлэлцэнэ.
Харин Ираны хэвлэл мэдээллүүдээр “Техраны сүүлд тавьсан дайныг дуусгах саналд АНУ дорвитой арга хэмжээ авч чадаагүй” хэмээн мэдээлж байна.
Трамп өнгөрсөн долоо хоногийн эхээр Ираны тавьсан саналаас татгалзсаныхаа дараа “Ирантай хийсэн гал зогсоох хэлэлцээрийн хувь заяа сэхээнд байна” гэж мэдээлж байв.
Эх сурвалж: BBC
