Конгод дэгдсэн эбола вирус олон улсад тархах эрсдэлтэйг ДЭМБ анхаарууллаа


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад дэгдсэн эбола вирусийн халдварыг “Олон улсын анхаарал татсан эрүүл мэндийн онц байдал” гэж зарлалаа. Конго улсын зүүн хэсэгт орших Итури мужид эбола вирусийн халдвар авсан байж болзошгүй 246 хүн илэрч, 80 хүн амиа алдсан байна. 

Гэхдээ уг вирусийн тархалт одоогоор цар тахлын түвшинд хүрээгүй гэдгийг ДЭМБ онцолжээ. Мөн уг вирус Итури мужид одоогоор бүртгэгдсэнээс хавьгүй өргөн хүрээтэй дэгдсэн байх магадлалтай. Орон нутаг болон бүс нутагт тархах өндөр эрсдэлтэйг анхааруулсан байна.

Уг эбола вирусийн одоогийн хувилбар нь “Bundibugyo” төрлийн вирусээс гаралтай. Үүнээс урьдчилан сэргийлэх батлагдсан вакцин, эмчилгээ одоогоор байхгүй аж. Халдвар авсан тохиолдолд халуурах, ядрах, толгой өвдөх, бөөлжих, суулгах, дотуур цус алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

ДЭМБ бүс нутгийн тогтворгүй байдал, хүмүүнлэгийн хямрал, хүн амын идэвхтэй шилжилт хөдөлгөөн, эмнэлгийн албан бус байгууллагууд олноор ажиллаж байгаа нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг онцолжээ.

Эбола вирус анх 1976 онд Конго улсад илэрсэн бөгөөд сарьсан багваахайнаас хүнд халдсан гэж үздэг. Энэ удаагийнх нь тус улсад бүртгэгдэж буй 17 дахь удаагийн дэгдэлт юм.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *