Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутгийн иргэдийн шүтээн, аймаг сумын есөн гайхамшгийн нэг Хүрэн ханын нуруунд хууль бус уул уурхайн олборлолт хийж байгааг тус сумын малчид эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл хийлээ.
Уг бүсэд нээгдэхэд бэлэн болоод буй дөрвөн уурхайн нөлөөллийн бүсэд Гурван тэс сумын Баясах багийн малчид бүгд хамарч байгаа бөгөөд Баясах багийг тойруулаад хүн гишгэх зайгүй лиценз олгосон байгааг төрийн түшээд эргэж хараач ээ гэж тэд хэллээ.
“Хүрэн ханын нурууг ухах гэж байгаа гурван уул уурхайн компани үйл ажиллагаагаа эхлэх гэж байна. Гурван тэс сумын уугуул суугуул 10 гаруй иргэдийн хүсэлтийг Баясах багийн 100 хэдхэн хүний саналаар дэмжсэнд тооцож, нарийвчилсан үнэлгээгээ хэлэлцүүлснийг эсэргүүцэж байна. Эрдэс баялаг, уул уурхайн яам, Ерөнхий сайдтай уулзахыг хүсэж байна. Гурван тэс сум маш олон уул уурхайтай” гэв.
