Нийслэлийн 2025-2026 оны цахим шилжилтийн бодлогын хүрээнд боловсролын салбарын томоохон төлөөллүүд баримт бичиг, тэр дундаа сургалтын гэрээг цахимжуулж, бодит үр дүнд хүрээд байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба төрийн үйлчилгээний хүртээмж, хурд, чанарыг сайжруулах зорилгын хүрээнд “Цахим үйлчилгээ + Цаасгүй төр + Өгөгдөлд суурилсан удирдлага” гэсэн чиглэлийг баримтлан ажиллаж буй. Энэ хүрээнд боловсролын салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд дотоод, гадаад баримт бичгийг цахимаар үүсгэх, илгээх, баталгаажуулах, хадгалах цогц систем ашиглаж хэвшээд байна. Тухайлбал: Боловсролын яам, нийслэлийн Боловсролын газар, их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд үүнд багтаж байна.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд дээрх байгууллагууд суралцагч, эцэг эх, багш ажилтантай байгуулдаг гэрээг цахим хэлбэрт шилжүүлснээр 2 сая орчим А4 цаас хэмнэлээ. Энэ нь ойролцоогоор 300-500 модыг хамгаалсантай дүйцэхүйц үр дүн юм. Өмнө нь ийм гэрээ, хэлцэл бүрийг олон хувь хэвлэж, гарын үсэг цуглуулан, архивлах шаардлагатай байсан бол цахим орчинд тэдгээр бүх үйл явц бүрэн автоматжиж, цаг хугацаа, зардал, ажиллах хүч хэмнэжээ.
Ингэснээр баримт бичиг давхардах, гар ажиллагаанаас үүдэлтэй алдаа гарах эрсдэл мэдэгдэхүйц буурсан байна. Цахим гэрээ нь зөвхөн байгаль орчинд ээлтэй шийдэл төдийгүй байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлж, ажлын байрыг илүү ухаалаг, үр ашигтай болгох шинэ стандарт болж байгааг салбарынхан онцолж байна.

Гэсэн хэдий ч зарим байгууллага уламжлалт цаасан хэлбэрээр ажилласаар байгаа нь цахим шилжилтийг эрчимжүүлэх шаардлага байгааг харуулж байна. Иймд бодит үр дүнг олон нийтэд түгээж, сайн туршлагыг нэвтрүүлэх нь чухал хэвээр байна. Боловсролын салбарт өрнөж буй энэхүү цахим шилжилт нь “Ухаалаг хот”-ын зорилтод хүрэх бүтэн салбарын ухаалаг шийдэл бөгөөд цаашид тус салбарын үйлчилгээг бүрэн цахимжуулах суурь болж байна.
