Архангай аймагт гэхэд өнгөрсөн жил гадны 30 мянга гаруй, дотоодын 500 мянга гаруй жуулчин очжээ. Тус бүс нутагт аялал жуулчлалын чиглэлээр 40 жуулчны бааз, 13 зочид буудал, 119 гэр буудал, 33 дэн буудал ажиллаж байна. Харин Хөвсгөл аймагт аялал жуулчлалын чиглэлээр 200 гаруй ААН үйл ажиллагаа явуулдаг байна. Тус аймаг нь өнгөрсөн 2025 онд аяллын жуулчлалын идэвхтэй улирал буюу 6-10 дугаар сард гадаадын 20 мянга гаруй, дотоодын 130 гаруй жуулчин хүлээн авчээ.
Судалгаагаар гадны нийт жуулчдын 50 орчим хувь нь 6-9 сард ирдэг байна. Монгол Улс 2030 он гэхэд жилд 2 сая жуулчин хүлээн авах зорилт тавьжээ. Тэгвэл орон нутагт аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг ААН-үүд жуулчидтай шууд харьцаж захиалга авахын тулд аялал жуулчлалын салбарт цахим платформ нэвтрүүлэх шаардлагатай байгааг салбарынхан онцоллоо. Мөн аялал жуулчлалын салбарыг төрөөс бодлогоор дэмжих хүрээнд 12 аймгийн 17 байршлыг улсын аялал жуулчлалын бүс болгож 6 хувийн хүүтэй 6 жилийн хугацаатай 250 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсон. Одоогоор 20 байгууллагад 5.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгожээ. Харин 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 2000 орчим ААН-ээс 2 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт иржээ.
