Гар хөл, амны өвчний тархалт нэмэгдэж байгааг анхаарууллаа


Сүүлийн өдрүүдэд гар хөл, амны өвчин нэмэгдэх болсон талаар ХӨСҮТ-ээс анхаарууллаа. Тэр дундаа халдварын тархалт бага насны хүүхдүүдийн дунд нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс тав дахин өссөн байна. Энэхүү өвчин нь энтеровирусээр үүсгэгддэг. Ялангуяа цэцэрлэг, сургууль зэрэг олон хүүхэд бужигнасан орчинд амархан тархдаг онцлогтой. Гар, хөл, амны өвчин нь бохир гар, агаарын зам, шүлс, хамар хоолойн шүүрэл, цэврүүний шингэнээр дамжин халдварладаг.

Өвчний нууц үе ихэвчлэн 3-6 хоног үргэлжилдэг бөгөөд эхний долоо хоногт халдвар тараах эрсдэл хамгийн өндөр байдаг. Түүнчлэн вирус өтгөнөөр хэдэн долоо хоногийн турш ялгарч болдог тул хүүхдийн гарын ариун цэврийг сайтар сахих шаардлагатай байна. Хэрэв хүүхдийн халууралт хоёр ба түүнээс дээш хоног үргэлжлэх, шингэн ууж чадахгүй болох, олон удаа бөөлжих, ойр ойрхон гүйлгэх, унтаарах, татах, амьсгаадах зэрэг шинж илэрвэл яаралтай эмчид хандахыг зөвлөж байна. Мөн тууралт идээлэх, шархлах, улайж хавдах зэрэг шинж илэрсэн тохиолдолд эмчийн үзлэг шаардлагатай аж. Ихэнх тохиолдолд гар, хөл, амны өвчин хөнгөн явцтай бөгөөд 7-10 хоногийн дотор эдгэрдэг.

Өвчний үед халуурах, хоолой өвдөх, хоолонд дургүй болох, амны хөндий болон хэл, буйл орчимд өвдөлттэй шарх, тууралт гарах шинж илэрдэг. Мөн гарын алга, хөлийн ул, хурууны завсар, зарим тохиолдолд өгзөг орчимд улаан толбо, гүвдрүү, цэврүүт тууралт гарч болно. Зарим хүүхэд бие сулрах, уйлагнах, шингэн уух дургүй болох, гүйлгэх зэрэг шинж тэмдэг үзүүлдэг байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *