Баян-Өлгий аймгийн Алтай, Өлгий сумын 4 багийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчин гарсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Үүнтэй холбогдуулан тус аймгийн засаг дарга захирамж гарган, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
Хорио цээрийн дэглэм 5 дугаар сарын 25-ны 23:00 цагаас хэрэгжиж буй.
Тус шийдвэрийн хүрээнд,
- Алтай, Өлгий, Бугат сумын төвийн 3, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөн хязгаарлана.
- Хяналтын постууд 24 цагаар ажиллана
- Малын шилжилт хөдөлгөөнд бүрэн хяналт тавина.
- Ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлнэ
- Олон нийтийг хамарсан арга хэмжээг түр хориглоно
- Малын мах бэлтгэх үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсооно
- Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб болон мэргэжлийн байгууллагууд халдварын тархалтыг хумих, голомтыг хязгаарлах чиглэлээр нэгдсэн зохион байгуулалтаар ажиллах юм байна.
Өнөөдрөөс хорио цээрийн дэглэмийг чангатгаж байгаа талаар тус аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. Учир нь Алтай, Өлгий орчимд малын халдварт өвчний тархалт нэмэгдэж байгаа юм. Алтай суманд өвчилсөн малын тоо 90-д хүрээд байгаа бол Курбан айтын баярт зориулан тус аймагт оруулж ирсэн үхрүүдээс 6 нь халдварт өвчний шинж тэмдэгтэй. Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн сумдын орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, аймаг, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг хатуу хяналтад авахаар болсон байна.

Мөн хяналтын постуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, ариутгал халдваргүйтгэлийг тасралтгүй зохион байгуулж байгаа аж.
Баян-Өлгий аймагт гоц халдварт өвчин туссан малын тоо 90-д хүрээд байгаа юм.
