Хүүхэд бүрийн хараа булаам өнгө үзэмжтэй үлээдэг хөөс үнэн хэрэгтээ эрсдэлтэй гэдгийн олон жилийн өмнөөс анхааруулж ирсэн. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Уулын зам дагуух цэцэрлэгт хүрээлэн гээд хүмүүсийн амарч зугаалах талбайд 50 метрийн зайтай суугаад, хөөс зарж борлуулж байгаа 5-6 худалдаачин байна. Үүний хажуугаар багачууд зүгээр өнгөрөхгүй. Авч байж санаа нь амардаг. Эцэг эхчүүд ч хортой гэдгийг нь мэдсээр байж авч өгдөг. Гэтэл хожмоо тэр нь хорт хавдар үүсгэвэл амаа бариад нэмэргүй. Харамсалтай нь тэр үед хорт хавдрынхаа шалтгааныг үлээдэг хөөснөөс хайхгүй байх л даа.
Удахгүй болох Хүүхдийн баяраар ийм хөөсний наймаачид борооны дараах мөөг шиг олширно. Тус хөөсийг БНХАУ-аас импортолдог бөгөөд ямар нэгэн стандарт, шошго гэх зүйл алга. Энэ нь хорт хавдар үүсгэх эрсдэлтэйг 2019 онд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв анхааруулжээ.
Монгол Улсад худалдаж буй хүүхдийн тоглоомд хийсэн судалгаагаар шинжилгээнд хамруулсан бүтээгдэхүүний 26 хувьд нь химийн бодис хүлцэх хэмжээнээс өндөр гарсан байна. Түүнээс хамгийн их илэрсэн нь хром байв. Шаардлага хангаагүй бүх тоглоомын тал хувьд нь хром өндөр агууламжтай илэрчээ.
Түүнчлэн ДЭМБ-ын мэдээлснээр Дэлхий даяар жил бүр 15-аас доош насны 35 мянга орчим хүүхэд химийн хорт бодисын нөлөөнөөс болж амиа алддаг гэх харамсалтай тоо баримт бий. Тэр дундаа хөөс маш эрсдэлтэйг мэргэжилтнүүд сануулж буй.
Д.Наранхүү (Анагаах ухааны доктор, профессор судлаач)
Д.Наранхүү: Хүүхдийн зан үйл, мэдрэлийн эрхтэн тогтолцоонд хартугалга, хром сөрөг нөлөөтэй
“Хүний биед хартугалга, хром маш их сөрөг нөлөөтэй металл. Хүүхдийн зан үйл, мэдрэлийн эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдэдээ тоглоом авахдаа заавал шошго, гарал үүслийг нь шалгах хэрэгтэй” гэлээ.
Мөн хөөсөнд агуулагдах бодис нь бөөр, уушги, гэдэс, дотор эрхтэнд сөрөг нөлөө үзүүлдэг аж. Хүүхэд аливаа химийн бодисын нөлөөнд том хүнийг бодоход илүү өртөмтгий байдаг. Бага хэмжээний хортой зүйл байсан ч хүүхдийн өсөлт хөгжилд муугаар нөлөөлөөд зогсохгүй, харшилтай болгох, улмаар хүүхдийн төрөл бүрийн өвчний үндэс болдог гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байлаа.
Хөөсөөр тоглосны дараа хүүхдийн хувцсан дээр хар толбо тогтдог. Энгийн угаалтаар арилдаггүй. Энэ нь тухайн хөөсөнд агуулагдаж буй химийн бодисын эхний шинж тэмдэг аж. Учир нь хөөсийг агаарт удаан тогтоохын тулд хром, хартугалга зэрэг төрөл бүрийн химийн нэгдэл хольдог юм байна. Хром нь хөөсийг тод, гялалзсан, өнгөлөг харагдуулдаг аж.
Хүүхдүүдийн байнга тоглодог тоглоомуудын 26 хувьд нь химийн бодисын агууламж өндөр
Дэлхий даяар жил бүр 15-аас доош насны 35 мянга орчим хүүхэд химийн хорт бодисын нөлөөлнөөс болж амь насаа алддаг гэх харамсалтай тоо баримт бий.
Судалгаагаар хүүхдүүдийн байнга тоглодог тоглоомуудын 26 хувьд нь химийн бодис болох хром, хартугалга, кадьми, хөнгөнцагаан, цайр зэрэг химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарсан байна. Үүнээс хамгийн их буюу 50 хувь нь хром байлаа. Энэ бодис хүүхдийн нөхөн үржихүй болон мэдрэлийн эдийн хөгжилд муугаар нөлөөлдөг. Мөн хүүхдэд харшил үүсгэдэг гэдэг нь тогтоогджээ.
Хөөс авахдаа CE, ASTM, EN71 тэмдэглэгээтэй эсэхийг шалга
Хаяг шошгогүй хөөсийг импортоор бөөнөөр нь оруулж ирж байхад, хэн ч хянаж шалгахгүй байна гэх шүүмжлэл бий. Хортой гэдгийг нь олон жилийн өмнөөс анхааруулсаар байхад өнөөдрийг хүртэл зах зээлд худалдсаар байгаа нь сонирхолтой. Үүнийг Хятадаас 800 орчим төгрөгөөр авч, Монголд 2000-5000 төгрөгөөр борлуулж байна.
Хөөс бүр муу биш. Монголд түгээмэл гэгдэх хаяг шошгогүй хөөсийг БНХАУ-д үйлдвэрлэж, 100 улсад экспортолдог байна. Харин Дэлхийд стандартын шаардлага хангасан хэд хэдэн брэндийн хөөс бий. Тухайлбал: Pustefix, Gazillion Bublles, Tobar гэх мэт брэнд байдаг аж. Эдгээр үйлдвэрийн хөөсний гарал үүсэл тодорхой байдаг.
Харин Монголд түгээмэл борлуулж буй хөөсийг БНХАУ-д үйлдвэрлэн, Солонгос, Орос, Герман, Монгол зэрэг орнууд руу гаргадаг байна. Хөөсний шошго дээр CE, ASTM, EN71 гэх тэмдэглэгээ байвал бусдаасаа аюул багатайд тооцогддог. Тэгвэл Монголд ийм стандарт тэмдэглэгээтэй хөөс ховор байна. Иймд цаашид зах зээлд худалдаж буй хаяг шошгогүй хөөсөнд хяналт хэрэгтэй байгаа юм.
