Ингэх гээд байсан юм. Үндсэн хуулийн цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа дуусаад, бүтэн жил болж байна. М.Энхболдыг спикер байхад УИХ 2019.06.06-нд түүнийг ҮХЦ-ийн гишүүнээр томилжээ. Цэцийн гишүүнээр ажиллах хугацаа нь 2025.06.05-нд дууссан. Гэтэл түүнийг Ерөнхийлөгч сольсонгүй. Учир нь сая л тодорхой боллоо. Г.Баясгалангаар хийлгэх ажил түүнд байжээ.
Д.Ганзоригийг улираах боломж гаргаж өгсөн Г.Баясгаланг бас Ерөнхийлөгч улираах биз. Хэрэв тийм юм болбол У.Хүрэлсүх дараа нь өөрөө улирна. Ийм л санаагаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36.7-д заасан “Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор 6 жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “Зөвхөн нэг удаа” гэдэг үгс Үндсэн хууль зөрчсөн гэж Г.Баясгалан тэргүүтэй ҮХЦ дүгнэв.
Энэ үйл явдал УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусахтай зэрэгцэн болж буй нь санаандгүй явдал биш. Түүний бүрэн эрхийн хугацаа 2026.06.02-нд дуусна. Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа 2013.04.12-нд түүнийг УДШ-ийн шүүгчээр томилжээ. Түүнийг тус шүүхийн ерөнхий шүүгчээр тавьсан хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Одоо У.Хүрэлсүх түүнийг улираах бололтой.
3 Ерөнхийлөгчид нүүртэй хүн юмсанж.
Л.Оюун-Эрдэнэд адлагдаж, авлигачаараа дуудуулж явсан Д.Ганзориг 6 жилийн хугацаагаа дуусгаад, хууль сахиулагчийн дүрээр хуулиа сахиад буух юм байх гэтэл тийм юм болох шинжгүй болоод явчихлаа. Тэр хугацаа нь дуусмагц улирч, хууль сахиулагчийн дүрээр хуулиа зөрчин сууж үлдэх нь.
Хамгийн жигтэй нь хугацаа нь дууссан Г.Баясгалан ҮХЦ-ийг удирдан, хуралдуулж, өөрөө хуралд сууж, шийдвэр гаргаад яваа нь. Хугацаа нь дууссан цэргийг халж, хугацаа нь дууссан барааг хаяж, хугацаа нь дууссан ажилтныг чөлөөлдөг биш бил үү! Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа 3 жил. 1 удаа улируулан сонгож болно. Тэр эрхээ Г.Баясгалан эдэлчихсэн. Цэцийн гишүүнийг 6 жилийн хугацаагаар УИХ томилдог. 1 удаа улируулан томилж болдог байсан ч 2021.12.24-нд Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт оруулахдаа улираахгүй болгосон юм. Үүнийгээ Г.Баясгалан одоо эргэж нэхэн, улирах гэж зүтгэх вий дээ.
Цэцийн 9 гишүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүх санал болгож, УИХ 6 жилийн хугацаатай томилдог. Тэгвэл УДШ-ийн шүүгчдийг Ерөнхийлөгч томилдог. УИХ зөвхөн танилцдаг. Тэгэхээр ҮХЦ-ийн 6 гишүүнээр хэнийг тавихаа Ерөнхийлөгч мэднэ гэсэн үг.
Одоо бол УИХ-ын даргыг байтугай 126-г Ерөнхийлөгч мэдэж байх шиг.
Ингэж бодвол ҮХЦ-ийг Ерөнхийлөгч бүхэлд нь атгажээ. Ийм нөхцөлд цэцээр, их хурлын даргаар, намын даргаар дамжуулан парламентыг төрийн тэргүүн базаж чадна. Чадаж ч байна.
Үүнийг бүгд мэдэж байгаа ч өчигдөр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Энэ бол зөвхөн дээд шүүхийн ерөнхий шүүгчийн асуудал биш. Энэ бол 6 жилээр улиран сонгогддог албан тушаалтнууд дээд шүүхээр далимдуулж, тест хийчихлээ шүү дээ. Олон нийт “УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд томилдог” гэж бодоод байна. Уучлаарай энэ асуудлыг хэдэн ах нар л шийддэг. Бид томилгоонд оролцдоггүй” гэж шулуухан хэллээ. УИХ-ын нэрээр Ерөнхийлөгч бүгдийг удирдаж, 6 жилээр ганцхан удаа томилогддог албан тушаалуудыг санаснаараа сунгаж, сарвайснаа авч байна.
Хэрвээ Ерөнхийлөгч ийм зүйл хийвэл өөрөө бас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдэгт эргэлзэхгүй байж болно. Үндсэн хуулийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан. Одоо Ерөнхийлөгч хэн нэгнээр ҮХЦ-д өргөдөл бичүүлээд, “Зөвхөн нэг удаа” гэдэг нь Үндсэн хууль зөрчсөн гээд дүгнүүлчхэж чадахаар боллоо.
Яг Д.Ганзориг шиг.
Уг нь 2019.11.14-нд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “Зөвхөн нэг удаа” гэдэг 3 үгийг санаандгүй оруулсан юм биш. Ерөнхийлөгч, ҮХЦ-ийн дарга, УДШ-ийн ерөнхий шүүгч бол төрийн өндөр албан тушаалтан. Албан тушаал, нэр хүндийн шатаар өгсөх тусам хүн зөрүүлээд, эрхээ хязгаарлуулж байдаг жамтай. Байгалийн, нийгмийн бичигдээгүй хуулийг жам гэдэг юм. Жамыг Г.Баясгалан, Д.Ганзориг, У.Хүрэлсүх байтугай бурхан, чөтгөр… ер нь хэн ч өөрчилж чадахгүй.
Тийм ч учир төрд өндөр албан тушаалд очсон эрхмүүдийг хэнээ мартаж, хүнээ байх вий гэсэндээ тухайн албан тушаалыг хаших хугацаа зааж өгдөг. Хугацаа эхэлсэн бол дуусах ёстой. Г.Баясгалан, Д.Ганзориг, У.Хүрэлсүхийн ч хугацаа дуусах ёстой. Үндсэн хууль ашиглаж хугацаагаа уртасгах ёсгүй. Учир нь тэд бол жирийн иргэн биш. Үндсэн хууль бол Монгол Улсыг, монголчуудын, ард түмний үндсэн эрхийг хамгаалах зориулалттай хууль болохоос биш, өөрийгөө төр гэж эндүүрсэн албан тушаалтнуудын нуувч биш.
