УИХ-ын гишүүн П.Батчимэг, Х.Болормаа, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, С.Эрдэнэболд, Дав.Цогтбаатар, П.Сайнзориг, Г.Лувсанжамц, С.Цэнгүүн нарын 9 гишүүн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдах хуулийн төслүүдтэй 2025.07.03-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Эдгээр төслийг өчигдрийн чуулганаар хэлэлцэж, өнөөдрийн чуулганаар санал хураав. Санал хураалтад 93 гишүүн оролцож, 75 гишүүн дэмжин, 80.6 хувиар дэмжлээ. Ийн уг төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.
Хууль зүйн байнгын хороо 2026.05.26-нд уг төслүүдийг хэлэлцэж, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцжээ. Ингээд дараах санал, дүгнэлтийг өгсөн юм.
1.Хуулийн төсөл дэх “Цахилгаан скүүтер”, “Цахилгаан дугуй”, “Хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл” гэсэн нэр томьёог хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцод нийцүүлэх хүрээнд “мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл” гэж өөрчлөх;
2.Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг 18 нас хүрсэн хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохоор;
3.Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тээврийн хэрэгслээ “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын дагуу бүртгүүлдэг байхаар;
4.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг ердийн мөн хуулийн этгээдийн даатгал болон Автотээврийн тухай журмаар дагаж мөрдөхөөр, хуульд заасан бүртгэлтэй холбоотой журмыг хэрэгжүүлэх зохицуулалтыг 2026.06.30-наас дагаж мөрдөхөөр;
5.Хуулийн төслийн 11 дүгээр зүйлийг нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд аймаг, нийслэлийн засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэхээр өөрчлөн найруулахаар:
6.”Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний хэмжээни тухай” УИХ-ын тогтоол боловсруулж, тогтоолд хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэм, мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, болон тэдгээртэй адилтгах тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож холбогдох журмыг шинэчлэн батлах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх олон нийтийн мэдлэг, хэрэглээний соёлыг төлөвшүүлэх сургалт, мэдээллийн ажлыг зохион байгуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар, нийслэлийн засаг даргад даалгах
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь Зөвшөөрлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.25 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзсэн юм.
