Байр зарах нэрийдлээр залилах гэмт хэргээс сэргийлэх хуулийн төсөл өргөн барилаа


УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, О.Саранчулуун, М.Сарнай, Б.Пунсалмаа, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд нар өнөөдөр УИХ-ын дарга С.Бямбацогтод Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Орон сууц барьж буй зарим компани, хувь хүмүүс нэг байрыг давхардуулан зарж, иргэдийг хохироодог явдал газар авсан. Үүнийг таслан зогсоох зорилгоор 35 гишүүн энэ төслийг санаачилжээ.

Хүмүүст хямд үнэтэй байр санал болгох, тансаг зураг төсөл үзүүлэх замаар орон сууцны захиалга урьдчилан авч мөнгийг нь залилах хэрэг олон гарч байна. Тиймээс холбогдох байгууллагууд компаниудад барилга барих зөвшөөрөл олгохдоо урьдчилсан хаяг олгодог болгох юм байна. Ингэснээр хүмүүс захиалах байрныхаа хаалганы дугаарыг шалгаж, уг байрыг өөр хүн захиалсан, өөр хүнд зарсан эсэхийг мэдэх боломж бүрдэх ажээ.

Түүнчлэн барилгын компани 1 орцны 20 байрныхаа 5-д нь захиалга авбал тэдгээр байрыг банкинд барьцаалах боломжгүй болгох юм байна. Иргэдэд санал болгон, захиалга авч буй байрны тухай мэдээллийг Иргэний хуулийн 145.2-т заасны дагуу нээлттэй болгох нь энэ төслийн гол зорилго аж. Төрд байгаа мэдээллийг иргэддээ нээлттэй ашиглуулж, залилах гэмт хэргээс сэргийлэх нөхцөл бүрдүүлэх нь энэ хуулийн төсөл чиглэжээ.

Энэ хуулийн төсөлд өөрчлөлт оруулбал Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний хууль, Барилгын тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хаягжуулалтын тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах юм байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *