935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна


Прокурорын байгууллага энэ оны эхний 5 сард нийт 680 хүүхэд холбогдсон 470 хэрэг хянажээ. Үүнээс энэ онд 496 хүүхдийг 315 хэрэгт яллагдагчаар татан шалгасан байна. 208 хүүхдэд холбогдох 187 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. 

Гэмт хэрэгт холбогдон шалгагдсан 680 хүүхдийн 42 орчим хувь нь өмчлөх эрхийн эсрэг, 38 орчим хувь нь эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг буюу хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэгт холбогдлоо. Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүүхэд холбогджээ.  

Хүүхэд машин жолоодсоны улмаас 5 хүүхэд амиа алджээ

Прокурорын байгууллага энэ оны эхний 5 сард 3,022 хүүхэд хохирсон 2,713 хэрэг хянасан байна. Үүний 856 нь он гарснаас хойш бүртгэгджээ. 935 хүүхэд үүний улмаас хохирсон байна.

Хүүхдүүд ямар хэргээс болоод хохиров?

  • 39 орчим хувь нь өмчлөх эрхийн эсрэг,
  • 23 орчим хувь нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг,
  • 22 орчим хувь нь эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг,
  • 6.5 орчим хувь нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас хохирчээ.

20 орчим хувь нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хулгайлах, 13 орчим хувь нь хүчиндэх, 9 орчим хувь нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, 8 орчим хувь нь залилах, 5 орчим хувь нь 16 нас хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох, дээрэмдэх гэмт хэргийн хохирогч болсон байна.

Хохирсон 935 хүүхдийн 489 буюу 52.3 хувь нь эрэгтэй, 446 буюу 47.7 хувь нь эмэгтэй бол 63.5 хувь нь 14-17 насныхан. Хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 5 хүүхэд амиа алдаж, 11 хүүхдийн эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *