Н. Учрал: Хүлээсэн үүргээ биелүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцно



Төв аймгийн Заамар суманд өрөмдлөгийн цооногт унаж амиа алдсан охины аав ээж, ар гэрт Монгол Улсын Засгийн газрын өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.

Энэ явдалтай холбогдуулан Ерөнхий сайд учрал дараах мэдэгдлийг хийлээ.
“Онцгой байдал, цагдаа, орон нутгийн албан хаагчид, иргэд хичээн ажилласан боловч гуравхан настай бяцхан охины амь эрсэдсэнд хүн бүрийн сэтгэл зүрх шимширч байна.
Энэ хэрэг явдал бол нэг ам бүлийн хагацал төдий бус хүүхдийн амьдрах эрхийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль стандартын сахин мөрдөх, сахилга хариуцлага суларсаны үр дагавар юм.
Байгаль орчны нөхөн сэргээлт, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллыг тогтолцоогоор нь өөрчлөн сайжруулах шаардлагатай байна.
Иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг сахин хамгаалах нь төрийн үндсэн үүрэг мөн.
Хуулиар хүлээсэн ажил үүргээ биелүүлээгүй, хайнга хандсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцох болно.
Хайгуул, олборлолт явуулж буй бүх байршилд хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны нөхөн сэргээлт дэх хуулийн хэрэгжилтэнд төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хариуцсан сайд, агентлаг, аймаг, сумын засаг дарга нарт үүрэг болголоо.
Уул уурхай, зам, барилгын ажил идэвхжиж, амралт, зугаалгын улирал эхэлж буй энэ үед хууль, стандартыг чанад мөрдөн ажиллахыг бүх шатны байгууллага, албан тушаалтанд онцлон анхааруулж байна.
Хүүхдийн эрхийн өдрийг жилд нэг удаа тэмдэглэн өнгөрүүлэх нь хангалтгүй.
Хүүхдийн төлөө За гэж хэлэх төдий бус заавал хийх аян өрнүүлж, сар бүрийн нэгэнд ажлын тайланг хэлэлцэж, үр дүн нэхэн, хариуцлага тооцож ажиллах болно.
Талийгаачийн аав ээж, ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *