32.8 тэрбумын хөрөнгөтэй МАН төрөөс олгодог санхүүжилтээр “амьдарч” байна


Сонгуулийн ерөнхий хороонд 2024 оны тайлангаа 28 нам өгсөн бол 2025 оны тайлангаа 15 нам ирүүлжээ. Уг нь манай улс 38 намтай. Энэ олон намын тал хүрэхгүй нь буюу 17 нь өнгөрсөн жил үйл ажиллагаа явуулсан байв. Үүнээс 15 нь 14 тэрбум 847 сая төгрөгийн орлого олжээ.

УИХ-ын 2024 оны сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн 1 ба түүнээс дээш хувийн санал авсан МАН, АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл, Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв намд 2025 онд төрөөс санхүүжилт олгохоор болсон ч Үнэн ба зөв нам уг мөнгийг авахаас татгалзсан. СЕХ мэдээллээр ноднин үлдсэн 6 намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. 

  • МАН-2.8 тэрбум
  • АН-2.1 тэрбум
  • ХҮН нам- 993.6 сая төгрөг
  • Үндэсний эвсэл- 200.4 сая төгрөг (Монголын ногоон нам-175.9 сая, Монголын үндэсний ардчилсан нам 24.4 сая)
  • Иргэний зориг ногоон нам-455.4 сая төгрөг
  • Шинэ нэгдсэн эвсэлийн Шинэ нам-312.4 сая төгрөг

Төрөөс санхүүжилт олгохдоо тавьдаг шалгуур дунд сонгогчдын 1%-ийн дэмжлэг авсан байх, хандив, гишүүний орлого гэсэн шаардлага бий. Үүнийг Үнэн ба зөв нам, Шинэ нэгдсэн эвлэлийн Монголын уламжлалт нэгдсэн нам хангаагүй. Тиймээс эдгээр намд төрөөс санхүүжилт олгоогүй. Эвслүүдийг намаар нь задалбал 7 нам төрөөс санхүүжилт авсны 5 нь уг мөнгөөр “амьдарч” байна. Эдгээр намын дийлэнх, гол орлого нь төрөөс олгох санхүүжилт болжээ.

МАН нийт орлогынхоо 49%-ийг төрөөс авсан мөнгөөр бүрдүүлсэн бол 19% нь гишүүний татвар, 26% нь өөрийн хөрөнгөөс олсон орлого, 5% нь буюу 310 сая 149 мянган төгрөгийн хандив байв. Тус нам 32.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэдгээ СЕХ-нд гаргасан тайландаа илтгэсэн байдаг. Хур баяр, хамгийн олон гишүүнтэй, орон даяар үүртэй МАН санхүүжилтийнхээ бараг талыг татвар төлөгчдийн мөнгөөр бүрдүүлж байна гэхээр эмгэнэл. Намуудын бүх хөрөнгөний 96% нь ганцхан МАН-д төвлөрч, дөнгөж 4% нь бусад намд оногддог. Ийм баян нам орлогынхоо талыг төрөөс авсан санхүүжилтээр бүрдүүлж байна гээд бод доо.

ХҮН бас төрөөс авсан мөнгөөр нийт орлогынхоо дийлэнхийг буюу 62%-ийг бүрдүүлжээ. 31% нь буюу 506 сая 479.6 мянган төгрөгийн хандив, гишүүний татвар 6% нь байна. Тус намд өөрийн хөрөнгөөс олсон орлого байхгүй аж.

ИЗНН-ын хувьд төрөөс намуудад олгодог санхүүжилт гол орлого нь болж байна.

Тус намын нийт орлогын 61% нь төрөөс орж иржээ. Гишүүний татвар 24%-ийг бүрдүүлсэн бол хандив 15%, бусад орлого 0.01% байна. Тус намд иргэд, аж ахуйн нэгжүүд 121 сая 661 мянган төгрөгийн хандив өргөжээ.

Шинэ нэгдсэн эвслийг бүрдүүлдэг 2 намын 1 болох Шинэ намын бүх орлогын 69% нь төрөөс үзүүлсэн дэмжлэг дээр тогтож байна. Үлдсэн 30% нь хандив, 1% нь гишүүний татвар аж.

Үндэсний эвсэлд багтдаг Монголын ногоон намын нийт орлогын 57% нь төрөөс өгсөн мөнгө. 43% нь хандив, 0.1% нь бусад орлого гэнэ.

Төрөөс санхүүжилт авдаг нам дотор татвар төлөгчдийн мөнгөөр биш, гишүүний татвар, хандиваар үйл ажиллагаа явуулж буй 2 нам байгаа нь АН, Монголын үндэсний ардчилсан нам.

Ноднин 5,724,864.6 төгрөгийн орлоготой ажилласан АН нийт орлогынхоо 43%-ийг гишүүдийн татвараар, 212 сая 265.8 мянган төгрөг буюу 4%-ийг хандиваар, 14%-ийг бусад эх үүсвэрээр бүрдүүлж, 38%-ийг төрөөс авчээ. 1%-ийг тус нам өөрийн хөрөнгөөс олсон байна.

Үндэсний эвслийн нөгөө нам болох Монголын үндэсний ардчилсан нам төрийн дэмжлэг дээр биш, хандив дээр тогтож байна. Тус намын бүх орлогын 62%-ийг хандив бүрдүүлжээ. Тус намд 68 сая 788 мянган төгрөгийн хандив цуглажээ. Төрөөс өгсөн санхүүжилт 22%-ийг, гишүүний татвар 13%-ийг, бусад орлого 3%-ийг нь эзэлж байна.

Тэгвэл өнөө жил МАН 3.3 тэрбум, АН 2.5 тэрбум, ХҮН 756 сая, Үндэсний эвсэл 376 сая, Шинэ нэгдсэн эвсэл 275 сая, Үнэн ба зөв нам 161 сая төгрөгийн санхүүжилт улсын төсвөөс авна. Тэдэнд нийт 7.8 төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн.

Намуудын орлого, мянган төгрөгөөр (СЕХ)

  1. Ардчилсан нам 5,724,864.6
  2. Монгол ардын нам 5,709,337
  3. XҮН 1,608,845.1
  4. ИЗНН 827,029.1
  5. Шинэ нам 453,430.6
  6. Монголын ногоон нам 311,149.5
  7. Монгол үндэсний ардчилсан нам 110,133.9

Өнгөрсөн жил үйл ажиллагаа явуулсан 17 намаас 13 нь иргэн, хуулийн этгээдээс нийт 1 тэрбум 575 сая 482.8 мянган төгрөгийн хандив мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр авсан байв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *