АТГ 2025.01.22-нд ЭХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхийн хэрэгт холбогдуулан, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн, хуучнаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан П.Баттулга, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга Маралханы Кадирбек нарыг сэжиглэн, шалгаж эхэлсэн. Тэгвэл “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга М.Кадирбект холбогдох хэргийг АТГ шалгаж дуусаад, нийслэлийн Прокурорын газарт хянуулан, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүллээ.
М.Кадирбек бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Э…” ХХК алтны уурхайн барилга байгууламжийн цахилгаан хангамжийн угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, техникийн нөхцөлгүй, зураг төслөө баталгаажуулаагүй болохыг мэдсэн атлаа цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байсан “С…” ХХК-тай 2022 онд өөрийн хамаарал бүхий “М…” ХХК-ийг төлөөлж, 47,2 сая төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлэв.
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Баруун бүсийн салбарын захирал Маралханы Кадирбек “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлаар 2021.11.29-нд томилогджээ. Засгийн газар 2025.07.02-нд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д нэгтгэсэн.
