Шүлхийн 7 хэвшинжээс 4 нь манайд гараад байна


Шүлхий, цэцэг, мялзан зэрэг мал, амьтны гоц халдварт өвчин манай улсаас яагаад ч салахгүй юм. Яагаад юм бол?

Мал, амьтныг олноор нь өвчлүүлж, улсын эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг, гоц халдвартай 15 өвчин бий. Ийм өвчин гарсан улсаас гадаад улс руу мал, амьтан байтугай мах, арьс, ноос гээд ямар ч түүхий эдийг нь гаргахыг Дэлхийн Мал, Амьтны Эрүүл Мэндийн байгууллага (ДМАЭМБ) хориглодог. Тиймээс энэ 5 өвчнийг олон улсын худалдааны хорио цээрт гэж онцолдог юм. Учир нь эдгээр өвчнийг тараахад заавал өвчилсөн мал, амьтан хэрэггүй. Хүний гутал, машины дугуй, өвс, ус, өвчтэй малын нэмнээ гээд юу л бол юугаар хялбархан дамжин халдварладаг.

Ийм өвчин туссан мал, амьтан үй олноороо зэрэг хиардаг тул улсад, байгальд, хүнд маш хохиролтой. Тэжээвэр мал, зэрлэг амьтанд алинд нь гоц халдварт өвчин түрүүлж гарна, тэр нь нөгөөдөө амархан дамждаг. Тиймээс ч улс бүр гоц халдварт өвчин гаргахгүй байхыг чармайж, халдварт өвчингүй тайван бүс нутаг гэж ДМАЭМБ-д бүртгүүлэхийг зорьдог. ДМАЭМБ-ын “Газрын амьтны эрүүл мэндийн кодекс” гэж бий. Үүнд зааснаар бол сүүлийн 25-аас дээш жил халдварт өвчин гараагүй байх, сүүлийн 10 ба түүнээс дээш жилд тухайн өвчний эсрэг дархлаажуулалт хийгээгүй байх гэсэн шаардлага тавьдаг. Энэ шаардлагыг хангасан улсыг халдварт өвчингүй, тайван бүс гэж ДМАЭМБ бүртгэнэ. Уг бүртгэлд орсон улсаас гадаадын улсууд амьд мал, мах, малын түүхий эд авдаг журамтай.  

Шүлхийн вирүсийг дотор нь 7 ангилдаг. Үүний “А”, “О” “Ази 1”, Сат 1” хэвшинж нь манай улсад халдаад байна.

Шүлхийн өвчин Монгол оронд 1931-1935, 1938-1946, 1963-1974, 2000-2006 онд дэгджээ.

  • Анхны дэгдэлтээр 371.6 мянган мал өвчилсөн.
  • Дараагийн удаад 1.5 сая гаруй мал халдвар авчээ. 1941 онд манай улс аргаа барахдаа салаа туурайтай бүх малд шүлхийн вирүс зориуд алдаах аргаар дархлаа тогтоох гэж оролдсон байна.
  • 3 дахь дэгдэлтийг үүсгэсэн шүлхий 1963 оны 10-р сард Дорнод аймгийн Гурванзагал суманд анх гарч, 2 жилийн дотор Монгол орны газар нутгийн ¾-т нь тархаж, 2.2 сая мал өвчлүүлжээ.

2000 он. Үүнээс хойш арайхийж 27 жил шүлхийгүй тэсэж, ДМАЭМБ-ын “Тайван бүс” гэсэн жагсаалтад бүртгүүлээд байтал 2000 оны 4-р сард Дорноговь аймгийн Улаанбадрах суманд, хилээс 50 км зайтай малчныд шүлхий гарсан байна. Үүний халдвар Хөвсгөл суманд тархаад байхад нь дарж авсан.

2001.02.10-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хилээс 5 км зайтай малчны мал шүлхийтэж, 3 сар гаруйн хугацаанд 5 аймгийн 13 сум, нийслэлийн 3 дүүрэгт тархав.

2002 он. Шүлхийн “О” хэвшил 1990 онд Энэтхэгт анх гарч, улс орнуудаар “айлчлан” явсаар 2000 онд Монголд орж ирэн, 3 жил манай малыг хиаруулжээ.

2004.02.04-нд Дорноговь аймгийн Өргөн суманд үхэр шүлхийтэж, Сүхбаатар, Дундговь аймагт халдав. Үүнийг цагаан зээрээс гаралтай гэж мал эмнэлгийнхэн үзсэн юм.  

2005.08.10-нд Дорнод аймгийн Баянтүмэн суманд, хилээс 40-өөд км зайтай малчныд  “Ази 1” хэвшлийн шүлхий дэгдэв. “О” хэвшлийн шүлхийн вакцин хийсэн малд “Ази 1” хэвшлийн шүлхий туссан байлаа. Энэ вирүс манайд Хятадаас орж иржээ. 2004 онд тус улсад шүлхий гарсан ч 2005 оны 5-р сард энэ тухайгаа ДМАЭМБ-д албан ёсоор мэдэгдсэн байлаа.

2010.09.01 Дорнод, Сүхбаатар аймгийн 14 суманд шүлхий гарав. Зүүн болон говийн аймгуудад шүлхий байнга гарч байгаа тул баруун бүсийн 7 аймгаа шүлхий өвчний халдваргүй, малд нь вакцин тариагүй, эрүүл бүсийн гэсэн статус тогтоолгохоор ЗГ шийдвэрлэсэн байна. Үүнтэй холбоотойгоор шүлхий тараагч хэмээн цагаан зээрийг хоморголон устгах асуудал ч дэгдэж байлаа. БОАЖЯ, УОК-оос гарсан уг санаачилгыг Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, сэтгүүлчид эсэргүүцэн, болиулсан юм.

2014.01.27 Сүхбаатар аймагт шүлхий гарч, 20-иод хоногт Хэнтий, Дорноговьд тархав.

2015 он Ховд аймгийн Булган, Үенч сум, Сүхбаатар аймгийн Уулбаян сум, Баян Өлгий аймгийн Алтай суманд шүлхий гарав. 2015.05.10 Сүхбаатар аймгийн Уулбаян суманд үхэр шүлхийтэж, өвчилсөн малын ихэнх нь бяруу байв. Үүний шалтгааныг “Вакцин хийлгээгүй тугал бяруу болоод халдвар авсан” гэж үзсэн байдаг.

2016 он Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 173 үхэр шүлхийтэв. 2000 оноос хойших 16 жилд 187 тэрбум төгрөгөөр мал сүргээ вакцинжуулсан ч шүлхий байнга гарч байгаад дүгнэлт хийж, гоц халдварт өвчний голомтыг бүрмөсөн устгах чиглэлээр далайцтай арга хэмжээ авахаар Улсын онцгой комисс шийдвэрлэсэн юм. 5 жилийн дотор малаа эрүүлжүүлж, гоц халдварт өвчний голомтыг устгах сууриа тавихаар Шадар сайд У.Хүрэлсүх зорив. 2017-2030 онд зөвхөн шүлхийн 82 сая тун вакцин гадаадаас авахад 85 тэрбум төгрөг зарцуулах тооцоог Мал эмнэлэг, үржлийн газар хийжээ. Вакцинаа дотооддоо үйлдвэрлэвэл 59.5 тэрбумыг зарцуулж, 25.5 тэрбум төгрөг хэмнэх юм. Иймээс Унгар улсын 25 сая ам.долларын хөрөнгөөр “Биокомбинат” улсын үйлдвэрийн газрыг шинэчилжээ. Мал эмнэлэг, үржлийн газар шүлхийн вакциныг өвөл ганц удаа хийдгийг больж, 4, 9-р сард нийт 2 удаа улс даяар нэгэн зэрэг хийдэг болов.

2017.02.01 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Баруун-Урт, Дорнод аймгийн Матад суманд шүлхий гарч, 12 голомт үүссэн байна.

2017.09.17 Сүхбаатарын 9, Дорнодын 3, Хэнтийн 5, Дорноговийн 3, Төвийн 1, Дундговийн 2 суманд шүлхий дэгдэж, нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт халдлаа. Үүний шалтгааныг олтол манай улсад өмнө нь гарч байгаагүй хэвшлийн вирүс орж ирсэн байлаа. 2012, 2014 онд Энэтхэг, Балба, Бутанд гарсан шинэ төрлийн вирүс Монголд халджээ. Энэ вирүс 12 аймгийн 27 суманд харсан байна.

2018 он. Дорноговь, Дундговь, Булган, Төв, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Орхон, Архангай, Өвөрхангай гэсэн 12 аймгийн 33 суманд шүлхий өвчин гарсан.

2021.07.01 Хятадаас шүлхийтэй үхэр оруулж ирснээр Ховд аймгийн Булган суманд шүлхий гарч, 949 мал өвчиллөө. Уг өвчин Мөст суманд халдав.

Манай улс баруун Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл аймгаа шүлхийгүй, вакцин тарьдаггүй тайван бүс, төвийн бүсийн 10 аймгаа вакцин тарьдаггүй хамгаалалтын тайван бүс, зүүн 5 аймгаа шүлхийгүй, вакцин тарьдаг тайван бүс хэмээн ДМАЭМБ-д бүртгүүлэхээр зорив. Үүний үр дүнд манай улс гадаадад малынхаа махыг гаргаад удаагүй.

2026.05.22 Баян-Өлгий аймгийн Алтай,Ховд аймгийн Булган, Үенч суманд шүлхий гарч, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хийсэн шинжилгээгээр руу САТ-1 хэвшинжийн вирүс болохыг тогтоолоо. Энэ хэвшинж өмнө нь манай улсад илэрч байгаагүй. САТ-1 бол БНХАУ, ОХУ-д илэрдэг хэвшинж.

Ийн манай улс баруун аймгуудаа мал, амьтны гоц халдварт өвчингүй эрүүл бүс болгож, мах экспортлох бизнес талаар боллоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *