Дархан-Уул аймгийн Гэрлэх ёслолын ордны дээвэр нурж эхэлжээ. Социализмын үед аж ахуйн аргаар барьсан тус барилгын дээвэр олон жилийн бороо, цасанд элэгдсэн, арматур нь даац авах чадваргүй болж, зэвэрч хугарсан байна. Энэ хавар олон удаа хүчтэй шуурахад, дээвэр нь захаасаа нурж эхэлсэн аж.

Тус аймгийн Онцгой комиссын гишүүд уг барилгатай өчигдөр танилцаж, яаралтай дээврийг нь буулгаж, орчин үеийн стандартын дагуу дахин сэргээн засварлахаар шийдвэрлэлээ.

1984 оны 6 дугаар 17-нд анх ашиглалтад оруулсан энэ ордныг 2001 онд хувьчилжээ. 2022 онд төр буцаан авч, засаж, гаднахыг нь тохижуулан, зориулалтаар нь ажиллуулж байгаа юм.

