АМНАТ-ыг олон улсын жишигт хүргэж гацсан төслүүдээ урагшлуулна


Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж буйтай холбогдуулан өнөөдөр /2026.06.04/ мэдээлэл өглөө. Энэхүү хуулийг 1994 онд батлагдсан цагаас хойш 1997, 2006 онд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд 20 жилийн турш том хэмжээний өөрчлөлт ороогүй болохыг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд дурдлаа. Түүний хэлснээр салбарын яамнаас Хуульзүй, дотоод хэргийн яамтай хамтран Ашигт малтмалын тухай хуульд дүн шинжилгээ явуулахад нийт 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдэл байжээ. Үүний зэрэгцээ Улсын Их Хурал 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмний мэдэлд байх, өгөөжийн дийлэнх нь иргэдэд ногдох эрхзүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуультай бусад хууль, тогтоомжийг нийцүүлэх тухай 2020 оны 2 дугаар тогтоол батлагдаж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг тухайн үеийн Засгийн газарт даалгасан нь хэрэгжээгүй тул өнөөдөр хуульд өөрчлөлт оруулах шаардлага үндэслэлийг бий болгосныг тайлбарлав.

Олон жил яригдсан ч өнөөдөр бодитоор ажил хэрэг болж буй Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас боловсруулж, хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлгүүдийг өрнүүлж санал авсан байна. Хэрэвзээ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-аар батлагдвал гацаанд орсон 20 гаруй зэсийн орд ашиглах төсөл урагшилж 60 мянга гаруй ажлын байрыг шинээр бий болгох, хариуцлагатай уул уурхай бодитоор ажил хэрэг болж, татварын суурь тэлж, улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэж, уул уурхайн орлогоос орон нутагт хуваарилах орлого нэмэгдсэнээр орон нутаг дахь эдийн засаг, нийгмийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зохицуулалтуудыг тусгасан болохыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв яриандаа онцлов.

Тэрбээр “Бид бүхэн уул уурхайн нөхөн сэргээлт хаалт, хариуцлагыг өндөржүүлэх зохицуулалтыг тусгасан. Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн техник, хөрөнгийн хүчээр 100 хувийн биологийн болон техникийн нөхөн сэргээлтээ хийнэ. Төсөл хэрэгжих хугацааны 2/3-т 100 хувь нөхөн сэргээлтийн баталгаа буюу хариуцлагын төлбөрийг байршуулж нөхөн сэргээлт хийсний үндсэн дээр төлбөрөө авах зохицуулалтыг тусгасан. Үндсэндээ Монгол Улсад тогтвортой, хариуцлагатай уул уурхай бий болох боломж нь бий болно” гэлээ. Үргэлжлүүлэн “Бид бүхэн зэсийн АМНАТ-ийг 10 хувь дотор хүргэж олон улсын жишигт нийцүүлснээр томоохон төслүүд урагшилна.

Ингэснээр 2010 оноос хойш хайгуулын ажил хийж, орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж батлуулсан 20 гаруй төсөл хэрэгжиж, Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой гэсэн хоёр том ордоос төвлөрүүлж буй АМНАТ-ийн 1.6 их наядын орлогыг богино хугацаанд 2.2 их наядад хүргэх боломжтой. Улмаар эдгээр 20 гаруй төсөл хэрэгжсэнээр 60 мянган ажлын байр бий болно. Өөрөөр хэлбэл Монголчууд хоёр дахин өндөр цалинтай 60 мянган ажлын байр бий болох нөхцөлийг бий болгох өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд оруулж байна гэж ойлгож болно” гэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *