Урин цагтай золгон цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн зуны амралт эхэлсэн. Тэгвэл эдгээр өдрүүдэд гэмтэж бэртэх хүүхдийн тоо 2-3 дахин нэмэгддэгийг Гэмтэл, согог судлалын үндэсний төв мэдээллээ. 2023 онд 70 мянга 321, 2024 онд 72 мянга 36, 2025 онд 73 мянга 854 хүүхэд осол, гэмтлийн шалтгаанаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
Бэртэж гэмтсэн хүүхдүүдийн 62.4 хувийг хөвгүүд эзэлж байна. Нийт гэмтлийн 51.1 хувийг унаж бэртсэн тохиолдол эзэлж байна. Хамгийн сүүлд гэхэд 3 настай охин уурхайн цооногт унасан бол, 2 настай хүүхэд цахилгааны ил утасны улмаас тогонд цохиулж, амиа алдсан юм. Эдгээр осол эндэгдэлтэй холбогдуулан, орчны аюулгүй байдлыг хангуулах зорилгоор ил задгай цахилгааны утас, ухсан нүх, эвдэрсэн тоглоомын талбай гэх мэт иргэдэд аюул учруулахуйц обьектыг баримтжуулан “И Монголиа” системийн эрсдэл мэдээлэх цэсэнд баримтжуулан илгээдэг болсон. Ийн 6-р сарын 1-4-ний хооронд 120 гаруй иргэн эрсдэлтэй гэж үзсэн обьектынхоо байршлыг тус системд илгээсэн байна.
