Цэргийг хэзээ, хэн, яагаад хүний тооноос хасчихсан юм, бүү мэд. “Хүн биш, цэрэг” гэх үг хүмүүсийн амнаас ам дамжиж явдаг. “Ээж, аавын хүү эх орны хүү боллоо” гэж уянгалдгийг нь бодохоор цэрэг гэдэг чинь хүн мөнөөр барахгүй, маш үнэтэй хүн болж таарна. Чухам тэр үнэ цэнийг АН төрөөс нэхэж, Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцрохыг шаардсан. Тэр өөрөө огцрохгүй бол огцруулахыг Ерөнхий сайдаас шаардсан. Гэвч хэн ч огцорсонгүй. Огцруулсан ч үгүй. Тиймээс Ерөнхий сайд Н.Учралыг өөрийг нь огцруулахаа АН өчигдөр анхаарууллаа.
Энэ бол хэзээ ч юм, хүний тооноос хэн нэгний хассан цэргийг буцаагаад хүний тоонд оруулах акц. 1, 2, 3 жил хүний тооноос хасагдаж үзсэн эрчүүд үүнд талархаж суугаа байх. Эх орондоо хүүгээ өгөөд явуултал энх цагт эгнэгт аваад явчихсанд нь гутаж суугаа ээж, аав нар дэмжиж яваа нь лав. Харин хэзээ нэгэн цагт хүний тооноос хасагдах залуус таг. Өөрийнхөө ирээдүйн төлөө өнөөдөр дуугарахгүй бол хожимдоно гэдгээ тэд мэдэхгүй явна. Мэдсэн ч тоохгүй байна.
Зөрүүлээд Д.Батлут сайд батлан хамгаалах салбарт эрсдэлийн иж бүрэн үнэлгээ, хяналт шалгалт хийж байна. 6 дугаар сарын 4-нд эхэлсэн, 20-нд дуусах энэ шалгалтын үр дүнд тулгуурлан “Хүн төвтэй хөгжил, шинэчлэлийн жил”-ээ батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарт бодитоор хэрэгжүүлэхэд онцгой анхаарах гэнэ. 2026 оны тал нь дуусаж байхад энэ салбар “Хүн төвтэй хөгжил, шинэчлэлийн жил” гэх сайхан нэртэй ажлаа ийн эхэлж байна.
Ийм арга хэмжээ авахгүй бол дэглэлт, дарангуйлал замаа алдлаа.
Хамгийн сүүлд ил болоод буй 3 баримтыг сануулъя. Хилийн цэргийн 0131-р ангид алба хааж байсан цэрэг 5-р сарын 25-нд мал эргүүлэхээр яваад сураг тасарч, бөөн эрэл хайгуул болон, нисдэг тэргээр хүртэл хайсан. Хэдхэн хоногийн дараа Дотоодын цэргийн 05-р ангийн албан хаагч 5-р сарын 30-нд машинд дайруулж алдсан. Гэтэл саяхан 1 цэргийг дарга нь зодож, чихийг нь сэтэлжээ. Үүнийгээ нам дарахын тулд уг цэргийг Улаанбаатарт авчран, чамгүй төлбөртэй хувийн эмнэлэгт оёдол тавиулсан байх юм. Сайд нь цэргийн дарга нарын сэтгэцийг шалгуулах тухай анхааруулсаар байтал янзыг нь үзэх гэж байгаа мэт цэргийнхээ чихийг сэтлэх нь юув?
Хилийн цэргийн .. дугаар ангийн .. дугаар салбарт малын суурийн ахлагчаар ажиллаж байсан М.М-д холбогдох хэргийг УДШ 2026.05.21-нд хянаад, түүнд эрхшээлдээ байгаа хүнийг байнга зодсон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн, цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон гэмт хэрэг үйлдсэн, гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жил хорих ял оноож, 1 жил зорчих эрх хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн юм. Хил хамгаалах ерөнхий газраас 7.1 сая төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д олгуулахаар шийдвэрлэжээ. М.М албан тушаалаа ашиглан, байлдагч Б.С-г 2022 оны 7 дугаар сард зодож, айлган сүрдүүлсэн юм. Үүний улмаас байлдагч Б.С Хилийн цэргийн салбарын малын суурийн үхрийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хайж явахдаа амиа хорложээ.
Үүгээр зогсохгүй уг салбарт хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.С, Б.Б, П.Ч, Л.Б нартай М.М цэргийн дүрмийн бус харьцаж зодож байжээ. Уг хэргийг нь мөрдөн шалгаж байхад, Л.Б, Б.Б, П.Ч, гэрч Б.Ж нарыг мэдүүлгээ өөрчлөхийг ятган, худал мэдүүлэг өгөхийг ятгаж, хүсэлт бичүүлж авсан байв.
Ийн шүүх эхнээс л ял оноож байхад араас нь дарга нар дэглэлтээ үргэлжлүүлсээр…
Дэг журам сахиулах гээд дэглэж болохгүй. Хэзээ ч юм болж магадгүй дайнд бэлтгэхийн тулд, яг одоо хил зөрчин орж ирэх хил зөрчигчийг барихын тулд цэргийг бэлтгэдэг. Бэлтгэл мэдээж дэг журамтай. Гэхдээ дэг журам сахиулах нэрээр дэглэж, эрүүл мэндээр нь хохироогоод байж болохгүй. Тэвчээр суулгаж байна гээд шээх эрх ч олголгүй, бөөр, давсагны өвчтэй болгоод байж таарахгүй. Амь тэмцсэн үед шээсээ барьж чаддаг цэрэг хэзээ нэг цагт хэрэгтэй ч амьдрал дээр давсаг чангатай, эрүүл бөөртэй цэрэг бүүр ч их хэрэгтэй. Өдөр бүр хэрэгтэй.
Эрүүл мэндийн үзлэгт тэнцээд, эр цэргийн албанд татагдсан юм. Эргээд халахдаа эмчийн үзлэгт оруулж, эрүүл буцааж өгдөг болох хэрэгтэй. Эмгэг үүсгэсэн байвал эмчилж, эрүүлжүүлээд халдаг байх нь зөв. Цэргийн албанд хүн өгсөн юм чинь хүнээ л буцааж авдаг байя!
