ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газраас малчдад зориулсан био-аюулгүй байдлын дүрэм танилцууллаа. Үүнд:
- Малын халдварт өвчнийг хумьж устгахад малчин, иргэн таны ухамсар, оролцоо хамгийн чухал юм. Мал сүргийг худаг ус, гол мөрөн, дундын бэлчээрт олноор бөөгнөрүүлэхээс сэргийлж, багийн хэмжээнд гаргасан мал услах хуваарийг чанд мөрдөнө үү. Худгийн орчмыг тогтмол халдваргүйжүүлнэ.
- Халдвар намжих хүртэлх хугацаанд мал тууварлах болон амьд малын зах, талбайн үйл ажиллагааг бүрэн зогсоож байгааг анхаарна уу.
- БНХАУ болон ОХУ-тай хил залгаа аймаг, сумын малчид отор нүүдэл хийх зорилгоор хилийн бүс, зурвас руу нэвтрэхийг татгалзах, хилийн дагуух зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнийг анхаарах.
- Голомтын бүсэд өвчилж хорогдсон мал, амьтны сэг зэмийг дур мэдэн хаяж болохгүй. Мал эмнэлгийн зааврын дагуу цуглуулж, булж устгах ажлыг мэргэжлийн хүмүүстэй хамтран гүйцэтгэнэ.
- Голомтын бүсээс болон эрсдэлтэй чиглэлээс мал, мах тээвэрлэхийг хатуу хориглох бөгөөд тээврийн хэрэгслийн халдваргүйтгэлийг шалган нэвтрүүлнэ гэж заажээ.
