“Тэнгэрийн хүү” драмын театрт “амилна”


Хөх тэнгэрийн хүү би аймшиггүй уртаар улин дуулнаа.
Хөвчин дэлхийн дээвэр дээр архиран хүрхэрч улс гүрнээ ширтнээ.

“Александринскийн олон улсын театрын фестиваль”-д оролцох “Тэнгэрийн хүү” жүжгийн шинэ хувилбарыг 06-р сарын 19, 20, 21-нд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглоно.

Харин 9 дүгээр сард ОХУ-ын Санкт-Петербург хотын төвд орших Александринскийн театрт “Тэнгэрийн хүү” амилна.

Оросын сонгодог утга зохиолын олон суутнуудын бүтээл толилуулдаг Александринскийн театрыг “Өрнө дахины театрын ертөнц, урлаг судлаачид Александринскийн театрыг сэтгэлзүйн театр мэндэлсэн газар, орчин үеийн жүжиглэх урлагийн чиг хандлагыг тодорхойлсон түүхэн цэг” хэмээн хүлээн зөвшөөрдөг.

Түүхт театрын тайзнаа УДЭТ-ын бүтээл “Тэнгэрийн хүү” жүжгийг ирэх есдүгээр сарын 4, 5-нд толилуулах урилгыг Александринскийн театрын Ерөнхий захирал Александр Малич албан ёсоор ирүүлжээ. 2026 оны намар Европын авангард найруулагчид, Азийн уламжлалт театрын мастерууд Санкт-Петербургт хөл тавьж, өөрсдийн нэрийн хуудас болсон бүтээлүүдээ толилуулахын дотор Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга, Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” жүжиг багтсан нь Монголын театрын урлагийн түүхэнд тодоор бичигдэх чухал үйл явдал болохыг Улсын драмын эрдмийн театрынхан онцолж байна.

“Тэнгэрийн хүү” жүжгийн гол дүрд Юэчжийн хаан Дэргү-Г.Ганбат (СТА) Шагэ гүнж- П.Мягмарсүрэн (СТА), Их зайран – Ж.Пүрэвдорж (СТА), Түмэн Шаньюй – М.Түвшинхүү (МУГЖ) тоглох юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *