Чуулган: Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ


УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.06.12/-ийн үдээс өмнөх хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Цагдаагийн байгууллагад 2022-2024 оны эхний 7 сарын байдлаар унадаг дугуй, цахилгаан скүүтер, цахилгаан дугуй /суррон/-наас үүдэлтэй нийт 206 зам тээврийн осол бүртгэгдэж байв. Харин 2025 оны эхний 4 сарын байдлаар 985 шинэ тохиолдол бүртгэгджээ. 18 нас хүрээгүй хүүхэд скүүтер болон цахилгаан дугуй унахыг хориглосон энэхүү хуулийн төсөл батлагдсанаар энэ тоо буурах боломж бүрдэх юм.

Үргэлжлүүлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Хуулийн төсөлд, хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгох, эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх, чухал ашигт малтмалын болон баяжуулалтын үйл ажиллагааг зохицуулах, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уул уурхайн салбараас орон нутаг хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтууд туссан байна.

Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүдийн санаачилсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүд асуулт авч хариулт авч дууслаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *